ИЗНН ч бас Ц.Элбэгдоржийг дэмжихээр болов

Иргэний Зориг-Ногоон Намын Үндэсний хороо өнөөдөр хуралдаж энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшсэн Цахиагийн Элбэгдоржийг дэмжиж оролцох шийдвэр гаргасан бөгөөд түүний өнгөрсөн дөрвөн жилд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааг хангалттай сайн хэмээн дүгнэсэн байна.
Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллахдаа ард түмнийхээ язгуур эрх ашгийг дээдэлж, нийгэмд шударга ёс, хуулийн засаглал тогтоох, авилга, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар тууштай, зоригтой ажиллаж чаджээ. Шүүх эрх мэдлийн шинэтгэл өрнүүлж ард олноо алагчилдаггүй хууль, нээлттэй шүүхийн тогтолцоо бий болгохоор эрчимтэй ажиллаж байна. Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд мэдэгдэхүйц ахиц гарах боллоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний аюулгүй байдлыг бататгах, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлэх, Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд дээшлүүлэх талаар олон талт бодлого явуулж идэвхтэй ажилласан гэж үзжээ.
Монголын төрт ёс, түүх, соёлын уламжлалыг нандигнан хадгалах, Монгол хүн бүр эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн томоохон бодлого хэрэгжүүлжээ. Мөн шууд ардчиллыг хөгжүүлэх, орон нутаг, иргэдэд төсвийн эрх мэдлийг өгөх, ашигт малтмалын лиценз олголтыг цэгцэлж, лицензийн тоог эрс цөөрүүлэх, байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг дэмжсэн бодлого, шийдвэр гаргаж амжилттай хэрэгжүүлсэн байна. ИЗНН нийгэмд шударга ёс тогтоох, авилгалтай тэмцэх болон ногоон хөгжлийн үзэл баримтлалд тууштай зогсдог улс төрийн хүчний хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэрэгжүүлж буй бодлого, ажилыг бүрэн дэмжиж, цаашид тасалдалгүй үргэлжлүүлэх нь зүйтэй хэмээн үзэж түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжин оролцохоор боллоо хэмээн ИЗНН-аас мэдээлэв.
Б.Цэлмэг
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ