Н.Алтанхуягийг байранд нь, Засгийн газрыг сууринд нь суулгахын учир

Хэд хоногийн дараа БНХАУ-ын дарга Си Жиньпин Монгол Улсад айлчилна. Үүний дараагаар хойд хөршийн тэргүүн В.Путин Улаанбаатарт ирнэ. Манай улсын мөнхийн хөршүүд болсон хоёр улсын төрийн тэргүүнүүд ийнхүү дараалан айлчилж байсан тохиолдол бараг үгүй.
Тэд мэдээжээр олон улсын геополитикийн хамгийн том тоглогчид. Тэдний тоглоомоос шалтгаалан энэ бөмбөрцөг өөрчлөгдөж байгааг бид харсаар, бичсээр, ярьсаар суудаг. Тэгвэл хоёр гүрний удирдагчид манай улсад айлчлахтай холбогдуулан олон улс ч манайх руу анхаарлаа хандуулж байна.
Яг энэ мөчид бид дэлхийн хоёр их гүрэнтэй мөнхийн хөршүүд, тэдэнтэй түүхийн олон жимээр холбогдсон харилцаатай эн тэнцүү зиндаатай улс болохоо дэлхий ертөнцөд харуулах боломжтой. Мөн хөршүүдтэйгээ найрсгаар хамтран ажиллах харилцаандаа өндөр ахиц гаргах алтан боломж бидэнд ирээд байна. Хүндрээд буй эдийн засгаа хөршийнхөө тусламжтайгаар бага ч атугай өөд нь татах олон улсын түвшинд хоёр гүрэнтэй хөршийн зиндаанд эн тэнцүү харилцдаг, хөгжил дэвшлийн өндөр ирээдүйтэй улс гэдгээ батлах цаг ирлээ.
Гэвч монголчуудад нэг саад бий. Тамын тогооны үлгэрээ гэж. Н.Алтанхуягийн толгойлсон шинэчлэлийн засгийн газар Монгол Улсын эдийн засгийг уруудуулж, ард түмний амьдралыг цаг мөч бүрээр доройтуулж байгаа нь гарцаагүй үнэн. Тэгэвч төрөөр оролддог цаг, тоглодоггүй цаг гэж байх.
Хоёр хөршийн удирдагчид манай улсад айлчилж буй энэ цаг үед Засгийн газрыг унагах, огцруулах талаар парламентад суудалгүй намууд өргөх бичиг бариад байгаа. Мөн үүнийг сөрөг дэмжиж байгаа МАН-ыг сөрөг хүчний зүгээс авч үзвэл буруутгах аргагүй. Гэвч энэ чухал цаг үед улстөрийн хувьд тогтворгүй байж өөр хоорондоо сандал ширээний хэрүүлтэй тэмцэлдэж суувал бусдын олз болдог гашуун түүхийг монголчууд түүхийнхээ туршид амссаар ирсэн ард түмэн.
Тиймээс нэгдэж нягтран гадаад харилцаандаа төрийн хар хайрцагны зүгээс хянамгай хандах нь наанадаж хоёр хөрштэйгөө харилцах бодлогод алдаа гаргалгүй байж чадах, цаанадаж олон улсад хөрөнгө оруулалтын хөрс суурийг бий болгох үүднээс гадныханд тогтвортой байж харагдах учиртай.
Тиймээс цаг үе, нөхцөл байдлын шалтгаанаар муу ажиллаж байгаа нь хөдөлбөргүй үнэн хэдий ч Н.Алтанхуягийг байранд нь байлгаж, Засгийн газрыг сууринд нь суулгах цаг мөн хэмээн хэлсний учир энэ. Айлчлалууд өндөрлөж Монгол Улсад өгөөжтэй хэлэлцээрүүд хийгдсэн эсэхийг хэлэлцэн тунгаасны эцэст УИХ-ын намрын чуулганаар засгийн газрын хувь заяаг хэлэлцэхэд оройтохгүй бизээ.
Н.Умард
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ