Монгол, Орос, Хятадын тэргүүнүүд дахин уулзахаар боллоо

Монголд хагас сарын зөрүүтэй хийсэн дэлхийн хоёр гүрний удирдагчдын айлчлал одоог хэр олон улсын анхаарлыг татсаар байгаа. Тэгвэл БНХАУ, ОХУ, Монгол Улсын төрийн тэргүүнүүдийн уулзалт Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орон болох Тажикстаны нийслэл Душанбед ойрын өдрүүдэд уулзахаар болсон тухай мэдээлэл цацагдаж эхэллээ. Энэ уулзалт нь яах аргагүй дэлхий дахины анхаарлыг татах бөгөөд Монгол Улсыг удахгүй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орон болгож магадгүй гэх мэдээллүүдийг ч өрнөдийн хэвлэлүүд бичээд эхэлжээ.
Гурван улсын тэргүүн Улаанбаатарт уулзаж чадаагүй ч энэ сарын 11-12-нд Душанбед хийх гурван талт уулзалтаар стратегийн түншлэлийн харилцаа дээд шатанд гарсан тухай, хөрш улсуудын найрсаг харилцааг хэрхэн өндөр түвшинд гаргаж болдог тухай дэлхийд гайхуулах нь хэмээн Оросын хэвлэлүүдэд бичжээ.
Өнгөрсөн тавдугаар сард Шанхайд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр хөршийнхөө төрийн тэргүүнтэй уулзаж, Монголд айлчлах тухай яригдаж байхад магадгүй нэг өдөрт айлчилж болзошгүй тов гарч байж. Үүнийг үндэслээд Улаанбаатарт Монгол, Орос, Хятадын гурван талт уулзалт хийх санаачилгыг Монголын Ерөнхийлөгч гаргасан аж. Гэвч БНХАУ-ын дарга болон ОХУ-ын Ерөнхийлөгч нар 14 хоногийн зайтай манай улсад ажлын айлчлал хийсэн учраас гурван улсын уулзалт хийх боломж олдоогүй юм. Харин хэдхэн хоногийн дараа Тажикстаны нийслэл Душанбед болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад гурван улсын төрийн тэргүүн оролцох юм.
Энэ үеэр гурван улсын төрийн тэргүүн гурван талт товч уулзалт хийж хэдэн жилийн давтамжтай хэдийд Улаанбаатарт уулзаж болох уу, уулзалтаар юу ярилцах вэ гэдгээд ярилцахаар болсон байна.
Энэ нь 1915 оноос хойшхи хөрш гурван улсын төрийн дээд хэмжээний анхны уулзалт юм. Уулзалтаар Монгол Улс Евро Азийг холбосон транзит улс жинхэнэ утгаараа болоход шаардлагатай эцсийн тохироонуудыг хийх гэнэ. ОХУ Европ, АНУ-ын эсрэг хүнсний хориг арга хэмжээ авснаар өөрийн зах зээлээ Ази, Бриксийн орнуудад нээнэ гэдгээ мэдэгдсэн. Ингэснээр Аргенти, Бразил зэрэг улсууд хэдийн ОХУ руу олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлсэн. Мөн Филиппин улс жимс нийлүүлэхээр хөөцөлдөж байна. Монгол Орос хоёр орны Засгийн газрын түвшний яриа хэлэлцээрүүдийг яаралтай эхлүүлж Монголоос худалдаж авах бараа бүтээгдэхүүний талаар яаралтай тохиролцоонд хүрэхийг Ерөнхийлөгч В.Путин засгийн газартаа үүрэг болгосон.
Тиймээс Монголоор дамжин Оросын зах зээл рүү Хятадын компаниудыг гаргах тал дээр Си Зиньпин даргын төлөвлөгөөг энэ үеэр Путинд танилцуулах магадлал өндөр.Ерөнхийдөө энэ удаа хуралдаж байгаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын уулзалтаар гол яригдах асуудлууд ч тодорхой.
Украины хэрэг явдлаас шалтгаалан ОХУ-ын Өрнөдийн гүрнүүдтэй хийж буй хүнсний дайн хэмээн хэдийнэ нэрлэгдсэн хурцадмал харилцаанаас үүдэлтэй асуудлууд. Нэг ёсондоо АНУ болон Европын холбооны улсуудын Оросын зах зээл дэх орон зайг Оросын холбоотон орнууд хэрхэн нөхөх вэ гэдэг тухай. Мэдээж хэрэг энэ нь Орост ч түүний холбоотнуудад ч ашигтай юм. Нэн ялангуяа Монгол болон Хятад улсад.

3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ