Сайдууд огцрох бичгээ барьж, Н.Алтанхуяг араас нь...

Гадаад ертөнцөд улс төрийн соёл гэж нэг юм байна. Монголд байхгүй энэ зүйлийг цөөн үгээр тайлбарлах гэж оролдоё. Энэ сарын эхээр Японы ерөнхий сайд Шинзо Абэ сөрөг хүчнийхээ шүүмжлэлийг хүлээн авч Засгийн газартаа хариуцлага тооцон бүх сайд нараа огцруулсан.
Тэгвэл зун Өмнөд Солонгосын Севол хөлөг онгоц осолдож олон зуун хүний амь эрсдсэнд ерөнхий сайд Чунг Хон Вон бүх хариуцлагыг өөртөө үүрч засгийн газрынхаа өмнөөс огцорч буйгаа зарласан. Харин Ерөнхийлөгчийн уриалгаар шударга сайдыг суудалд нь эргүүлэн томилсон билээ.
За ийм улс төрийн соёл Монголд байсан бол гэж үү. Байсан бол ганцхан сарын хугацаанд юу болох байсныг бүгдээрээ таамаглах уу.
Хуульзүйн сайд Х.Тэмүүжингийн хувьд дааж авсан салбарт нь ч хувийн нэр хүндэд нь ч тэр тулгарсан өч төчнөөн асуудлыг тэвчсэн сэтгэл нь өнгөрсөн долоо хоногт хичээлдээ явж байсан бяцхан охиныг автозамын урсгал сөрсөн цагдаагийн албан хаагч амь насыг нь егүүтгэсэн үйл явдалд тэсэрч "Би энэ салбарыг арай л биш болгочихлоо, миний шинэчлэлийг эсэргүүцсэн хүмүүс болон дэмжиж байсан бүх хүмүүст хамтран ажилласанд баярлалаа" гээд суудлаа орхих байв.
Тэгвэл улс төрийн соёл гээч үүгээр ч дуусахгүй байлаа. Зөвшөөрөлгүй барилгын асуудалд хөл толгойгүй орооцолдсон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь харьяаллын дагуу Шадар сайдын ивээлд байдаг.
Цэл залуухан сурч боловсрох насан дээрээ байгаа гурван оюутан залууг 10 давхрын өндөрт ямар ч заавар зөвлөгөө хөдөлмөрийн аюулгүй байдлын хэрэгсэлгүй гаргаж амь насыг нь хөнөөсөн явдлын төлөөсөнд Шадар сайд Д.Тэрбишдагва Мэргэжлийн хяналтын газрын даргатайгаа хөтлөлцөн дээрх үгүүдийг хэлэх байв.
Түүний хэлэх үг даанч тодорхой тул алгасан дараагийн улс төрийн соёлтой эрхмийг дурдая.
Фортуна нэрээр олонд танигдсан Эдийн засгийн хөгжлийн сайд "Бондын мөнгийг би босгосон, судалгаагүйгээр үр ашигтай зүйлд зарцуулах чиглэлд алдаатай ажилласан дутагдал надад байна" хэмээн тэсэж чадалгүй өргөдлөө барив. "Гэхдээ энэ хугацаанд сүсэг бишрэлтэй минь холбож дайрч доромжилж байсан явдалд би туйлын гомдолтой байна" гэсэн гомдол тээсэн үгс урсгахаа ч мартсангүй. Энэ нь ч бас зөв л юм. Шашин шүтлэг чинь хүний эрхийн асуудал мөнөөс мөн билээ.
Ерөнхий сайд ч мөн мэдэгдэл хийх байв. Түүний мэдэгдэл "Монгол ахан дүүсээ, Мэнд сайн бол үйлс сайн гэж үг бий. Дэвжих Монгол орны минь дэлгэр заяат түмэн олон Та бүхэн тавтай сайхан намаржиж байна уу" гэж эхлээд "Салбарынх нь сайдаар далайлган сэжигтэнд тооцогдож байгаа зөвлөхтэйгөө уулзсан минь хүн чанарын асуудал байсан юм шүү. Би фракцаараа дамжуулан намаа атгаж, намаараа дамжуулан Засгийг атгаж, засгаараа парламентыг, парламентаар дамжуулж Ерөнхийлөгчийн давхар дээл тайлуулах хуулийн төслийг ч унагасан. Та нар миний үед дан дээлтэй даараагүй байх. Гэхдээ миний сайдууд ажлаа хийж чадалгүй намайг баллалаа. Тиймээс би улс төрийн соёлыг харуулж сайн дураараа огцорч байна" хэмээх байлаа.
Гэх мэтээр сайд нар ар араасаа улс төрийн соёл үзүүлэх юм. За үүнийг л Д.Нацагдоржийн "Үзэгдээгүй юм" гэж нэрлэнэ дээ. Бүр огт үзэгдээгүй юм.

3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ