Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд улстөрийн намууд хэрхэн оролцох нь тодорхой боллоо. Хамгийн түрүүнд МАН Бага хурлаа хуралдуулж шүүмжлэл асуулт, хариулт зонхилсон, урд өмнөх хурлуудаасаа тэс өөр, ширүүн уур амьсгалтай хуралдсаны эцэст Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, Д.Лүндээжанцан нарын дөрвөн хүний нэр дээр санал хураалт явуулсан юм.
Улмаар намын дарга Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ нарын санал тэнцэж хоёр дахь санал хураалт явуулснаар Б.Бат-Эрдэнэ 117 санал, Ө.Энхттүвшин 109 санал авснаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ МАН-аас 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр болсон.
Үүний дараа эрх баригч Ардчилсан нам Их хурлаа ёслол төгөлдөр зарлан хуралдуулж одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэрийг 100 хувийн саналаар дэвшүүлэхээр тогтсон юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд дөрвөн жил Монгол Улсын төрийн тэргүүний албыг хашсан, улстөрийн өндөр туршлагатай зэрэг олон давуу талтай байгаа учир эрх баригч намынхан санал огт хуваагдалгүй түүнийг нэрлэсэн юм.
Харин МҮАН болон ИЗНН тус тусын хурлаа хийж энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд бие даан оролцохгүй бөгөөд АН-аас нэр дэвшигч одоогийн ерөнхийлөгчийг дэмжихээ илэрхийлээд байна.
Тэгвэл парламентад суудалтай дараагийн хүчин МАХН-ын хувьд өчигдөр Бага чуулганаа хуралдуулсан. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд бие даан оролцохоо мэдэгдэж, Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг нэр дэвшүүлэхээр Бага чуулганы гишүүдийн 95 хувь нь дэмжсэн байна.
Ийнхүү парламентад суудалтай намууд ирэх зургаадугаар сарын 28-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцохоо тодорхойлж, нэр дэвшигчдээ сонголоо.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ