УИХ элэг бүтэн болов

УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт явагдсан дахин санал хураалтад МАН-аас ялалт байгуулсан Д.Сумъяабазарыг тангараг өргүүлэх асуудал хойшилсоор байгаад Өвөрхангайн тойргийн АН-ын Д.Зоригттой хамт баасан гаригийн нэгдсэн хуралдааны төгсгөлд оруулж ирэв. МАН-ынхан Д.Зоригтыг нэлээд эсэргүүцсэн боловч нэгэнт тогтоолын төслийг хамт төлөвлөсөн, Д.Сумъяабазар СЕХ-ноос түр үнэмлэхээ гардсан учраас шүүхийн шийдвэрийг үндэслэн Д.Зоригтыг олонхийн саналаар хамтад нь тангараг өргүүллээ. Ийнхүү УИХ-ын дэд дарга асан С.Баярцогтын оронд хашир туршлагатай парламентч Р.Гончигдоржийг сонгож, хоёр гишүүн шинээр орж ирснээр УИХ арвансарын дараа элэг бүтэн болов.
Мөн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг товч илтгэж, Эдийн засгийн байнгын хорооны дүгнэлтэд дурдсанаар Засгийн газар үндсэн чиглэлд тусгасан нийт 160 гаруй зорилт, арга хэмжээнээс байгаль орчны чиглэрээрх зорилтын64.6 хувь, хөдөө аж ахуйн чиглэлээр 85.8 хувьтай байна гээд Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэл, төсвийн уялдаа холбоо хангалтгүй байна гэж үзжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, МАХН хоёр хамтрах эсэх нь олны анхаарлын төвд байсан бол МАХН-ын Бага чуулган бямба гаригт хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд Эрүүл мэндийн сайд Н.Удвалын нэрийг 95 хувийн саналаар дэмжсэн байна. Харин ИЗНН АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжиж оролцохоо мэдэгдэж, 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан мөрийн хөтөлбөрөө боловсруулахаар болжээ. МҮАН-ын дарга М.Энхсайхан ч одоогийн төрийн тэргүүнийг дэмжихээ илэрхийлсэн билээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуягт урьдчилан захидал илгээсэн ОХУ-ын “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якунин ням гаригийн өглөө Монголд хөл тавив. Тэр Монголын талтай хамтарсан төмөр замын өмчлөлийн тогтолцоо, УБТЗ-ын бүтцийн өөрчлөлтийн ажлыг эрчимжүүлэх талаар ярилцахаас гаднасанал зөрүүтэй байгаа царигийн асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ. В.Якунин зургаан цагийн айлчлалынхаа хүрээндЕрөнхий сайд Н.Алтанхуяг, Зам тээврийн сайд А.Гансүх нартай уулзаж эхлээд байна.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Дарханд байгуулах Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг Японы санхүүжилтээр хэрэгжүүлэх, үйлдвэрийн төрийн өмчийн оролцоо 51, түүнээс дээш хувьтай байхаар тогтож, Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр ХХК-д газрын тос боловсруулах тусгай зөвшөөрөл олгох асуудлыг холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Уул уурхайн сайд Д.Ганхуягт даалгав. Мөн дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг дэмжив.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн цаа буга маллан тайгад амьдарч буй цаатан иргэдийн амьдралыг дээшлүүлэх, тэдний боловсрол, нийгмийн хамгааллыг сайжруулах зарлигийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрын 2007 онд баталсан “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, уг хөтөлбөрийг улсын хэмжээнд зохицуулах Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгууллаа. Цаатан иргэдийн амьдралын нөхцлийг сайжруулах зорилгоор ирэх зургадугаар сараас тайгад амьдардаг 18 хүртэлх насны цаатан хүүхдэд хангайн бүсийн амьжиргааны доод түвшингийн 50 хувьтай тэнцэх, насанд хүрсэн иргэнд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр мөнгөн тэтгэмж олгох юм байна.
Чингис бондын 1,5 тэрбум ам.долларын хөрөнгөөс эхний ээлжинд “Шинэ төмөр зам", нийслэлийн дэд бүтцийг сайжруулах "Гудамж" төсөл, Тавантолгой уурхайд цахилгаан станц барьж байгуулах төсөлд даруй шаардлагатай 85 сая ам.долларын эх үүсвэрийг гаргахаар шийдвэрлэлээ. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав БНСУ‑д айлчилж, тус улсын Үндэсний ассамблейн Байгаль орчны хөдөлмөрийн байнгын хорооны дэд дарга Ким Сан Тэ‑тэй уулзахдаа тэнд хөдөлмөр эрхэлж байгаа монгол иргэдтэй холбоотой асуудлыг хөндөн ярилцлаа.
Өнгөрсөн долоо хоногт манай улсад БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн Ян Жэчи албан ёсны айлчлал хийж, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагватай хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Гадаад харилцааны сайд Л.Болд нартай уулзсан юм. Талууд Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр боловсруулж, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлцээний давтамжийг хадгалахын чухлыг тэмдэглээд энэ оны хоёрдугаар хагаст эхнээс нь хэрэгжүүлэхээр тохиролцов. Мөн 2014 онд болох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэх юм.
Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хүй долоон худагт, Засгийн газрын гишүүд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. 906 га талбай бүхий энэ хүрээлэнг нийслэлийн хамгийн том ногоон бүс болгохын тулд 50 гаруй га-г моджуулж, энэ онд 50 тэрбум төгрөгөөр унадаг явган хүн, дугуй, цанын зам, 300 автомашины зогсоол байгуулах юм байна.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ