Засгийн газрыг 13 яамтай болгох хуулийн төсөл барилаа

Шинэчлэлийн Засгийн газрыг шуурхай ажиллахад саад болж буй хүчин зүйлүүд байгаа учраас Засгийн газрын бүтцийг өөрчилнө гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг албан ёсоор мэдэгдсэн. Гэхдээ энэ асуудлыг чухам хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байсан ч өнөөдөр Ерөнхий сайд Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Үүний дагуу УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг дараалал харгалзалгүйгээр яаралтай хэлэлцэхээр болсон юм.

Засгийн газрын бүтцэд чухам ямар өөрчлөлт орох болсон талаар Ерөнхий сайд дөнгөж сая мэдээлэл хийлээ. Түүний мэдээлснээр:

1.Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгээд Геологи, уул уурхай эрчим хүчний яам,

2.Зам тээврийн яам, Барилга хот байгуулалтын яам Дэд бүтцийн хөгжлийн яам,

3.Эдийн засгийн хөгжлийн яам Сангийн яам хоёрыг нэгтгээд Сангийн яам нэртэйгээр тус тус байгуулж 13 яамтай байхаар болжээ. Түүнчлэн 11 агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллахаар бүтцийг өөрчилсөн хуулийн төслийг өргөн барьсан байна.

Түүнчлэн Шинэчлэлийн засгийн газар анх байгуулагдахдаа 16 яамтай байхаар зохион байгуулсан нь үр дүнтэй болж, эдийн засаг, уул уурхай, барилга, хот байгуулалт, зам тээвэр зэрэг олон салбарын бодлого тодорхой болж, эдгээр салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэх талаар ахиц дэвшил гарсан талаар тэрээр танилцуулсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ