Гадаадад суугаа монголчууд шаардлага хүргүүллээ

Гадаадад сурч, ажиллаж буй иргэдийн төлөөллүүд өнөөдөр төрийн гурван өндөрлөгт хандсан дөрвөн заалт хэсэг бүхий шаардлагыг УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг итгэмжлэхээр сонгож, түүний зөвлөх С.Зоригтбаатарт гардуулан өглөө. Шаардлагад:

-Газрын тухай хууль, газрын тосны тухай зэрэг хуулиудыг шинэчлэх төслийг зогсоох,

-Мөн цөмийн энергийн хуулийг хүчингүй болгох,

-Нарийн царигтай төмөр зам барих, Хятадын төрийн өмчийн банкийг Монголд оруулж ирэх асуудлыг таслан зогсоох

-Эдгээр хууль, хуулийн төслүүдийг санаачлагч эрх мэдэлтнүүд болон байгууллагыг олон нийтэд зарлаж, хариуцлага тооцох зэрэг асуудлыг багтаажээ.

Дээрх хуулиуд нь Монгол Улсын иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах язгуур эрх ашгийг зөрчсөн гэж тэд үзэж байгаа аж.

Уг шаардлагын хариуг энэ сарын 13-ны дотор олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өгөх ёстой юм байна. Заасан хугацаанд арга хэмжээ авахгүй бол олон улсад хүртэл зарлаж, улмаар эх орноосоо урван тэрслэхийг завдсан хэмээн олон улсын шүүхэд өгнө гэдгээ мэдэгдлээ. Энэхүү баримт бичигт гадаадад байгаа монголчуудыг төлөөлж арваад улс орноос 2400 хүн гарын үсэг зуржээ. С.Зоригтбаатар ч энэхүү бичгийг холбогдох албан тушаалтан, эрх бүхий хүмүүст нь хүргүүлэхээ илэрхийлсэн юм.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ