А.Гансүх сайд аа, Танд итгэхгүй байна

Засгийн газар бүтцийн өөрчлөлт хийх сураг гарч, А.Гансүх сайдын PR газар авлаа. Өөрөө ч гэсэн зам тээврийн салбарт БНХАУ-тай харьцах харьцааг шинэ түвшинд гаргаж ирсэн гэж ярилаа. Сайдын үгээр олон хэвлэлийн хэрэгсэл шуугилдаж байна. Энэ А.Гансүх сайдыг үнэхээр их юм хийж, бүтээсэн мундаг сайд юм болов уу гэх бодол төрөхөөр л сурталчилж байна. Асуудлыг гадарлах хүний хувьд би хариуцлагатай мэдэгдье. Та худлаа ярьж байна.
Таны мэдэгдсэнээр бол Монгол Улс БНХАУ-ын 7 боомтыг ашиглах болсон. Өмнө нь зөвхөн Тяньжин боомтыг ашиглаж байсан бол шинээр Чинхундао, Дандун, Хуанхуа гэх мэт боомтуудыг ашиглах болж. Шинэ гэрээ зурсаны ачаар. 1991 оны гэрээгээр ч гэсэн манайх Хятадын өөр боомтуудыг ашиглах эрхтэй байсан. Бидэнд өөр боомтуудыг ашиглах хэрэгцээ байгаагүй учир энэ бол асуудал болоогүй байсан.
Таны удирдсан салбарт бүх зүйлүүдийг Улсын нууц гэж зарласан учир сая БНХАУ-тай шинэчлэн зурсан дамжин өнгөрөх гэрээний эх хувийг олж чадсангүй. Харин тэр гэрээг зурахаас өмнө явж байсан төслийг англи хэлээр нь олж үзлээ.
Тэр төслийн 2-р зүйлийг харья
“1. Subject to assurance of its legitimate rights and interests, the transit State shall grant the land-locked State facilities in:
a. access to and from the sea at designated ports in the transit State and transit through its territory in conformity with the provisions of this Agreement.
b. the designated port referred to in the previous paragraph means the ports open to foreign trade in the Northern (Hebei province, Tianjin) and the North Eastern (Liaoning province) China regions of the transit State.”
Энэ гэрээний төсөлд “гадаад худалдаанд нээлттэй Хэбэй, Тяньжин, Лиаонин мужуудын боомтыг ашиглаж болно гэсэн байна. 
Сайд танд хэдэн зүйлийг зааж өгье.
1. БНХАУ-д төрийн мэдлийн боомт гэж байхгүй. Тэнд Төрийн өмчит далайн боомт гэж байдаггүй. Төрийн өмчит компаниудын эзэмшдэг буюу тодорхой хувь эзэлдэг боомтууд байдаг. Өмнө нь Та Ванино боомтыг ашиглах талаар ОХУ-тай тохиролцсон гэж ярьж байсан. Тэр нь хаана байна? МкКинсей компаниар ТЭЗҮ хийлгэж, зүүн чиглэлд хэвтээ тэнхлэгийн төмөр замыг барих гол шалтгаан бол Дандун боомтыг ашиглахаар болсон гэж байсан. Тэр боомтууд хаачив?
2. Дэлхийн Худалдааны Байгууллагад гишүүнээр элссэн бүх орнууд GATT (General Agreement on Tariffs and Trade) буюу Тариф болон Худалдааны ерөнхий гэрээний нөхцлүүдийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэр гэрээгээр дамжин өнгөрөх ачаанд татвар ногдуулахгүй гэсэн заалт байгаа. Жил бүр БНХАУ-аар дамжин өнгөрдөг 60 мянга орчин TEU (20 футын чингэлэгтэй тэнцэх нэгж)-ээс хэн ч татвар нэхдэггүй байсан.
3. “Далайн боомтод хүрсэн Монгол Улсын ачааг гуравдагч улсын хөлөг онгоцоор тээвэрлэх боломжийг бүрэн нээсэн” гэж мэдэгджээ. Та бол далайн тээврийн зарчмыг огт ойлгоогүй хүн юм байна. Таныхаар бол өмнө нь Тяньжин боомтоос манай ачааг зөвхөн Монголын юм уу, Хятадын далбаан дор хөвдөг усан онгоц тээвэрлэдэг байсан гэсэн үг үү? Далайн тээвэр ийм зарчмаар ажилладаггүй юм. Усан онгоцны үзүүлэлтүүд болон явах чиглэл нь илүү чухал байдаг.
4. Төмөр замын тариф тохирсон гэдэгт тань би бүр ч итгэхгүй. Төмөр замын тарифыг олон улсын гэрээгээр тодорхойлдог. Олон улсын төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын “Нэгдсэн нэвтрэх” тарифаар зохицуулагддаг. Манай Зам, тээврийн яам энэхүү байгууллагыг тоохгүй байсаар байгаад 6 жил болж байна. Үнэхээр Хятадын нутгаар дамжин өнгөрөх тарифыг тохирсон бол энэ нь 2015 оны тарифын хэлэлцээрт тусгагдах ёстой. Өнөөг хүртэл тэр байгууллага юу ч сонсоогүй байна. Үнэхээр тийм тохироо хийсэн юм бол тус тарифын хавсралтад манай хилийн төмөр замын өртөөнөөс далайн боомт хүртэл зайг тусгадаг. Хэрэв энэ бүх зүйлүүд 2015 оны тус тарифын хэлэлцээрт тусгагдаагүй гэдэг нь Таны худлаа ярьж байгааг нотлох болно.
А.Гансүх сайд аа, Та Засгийн газрын шинэчилсэн бүтэц, бүрэлдэхүүнд орох бол тусдаа асуудал. Харин ийм хариуцлагагүй мэдээлэл тарааж яваа Тань өөр асуудал шүү.
Төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн, Техникийн ухааны доктор Ч.Сүрэнхорлоо
Эх сурвалж www.wikimon.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ