Бие даагчдын бүлэг Оюутолгойн хууль бус үйлдэлтэй тэмцэнэ

УИХ дахь Бие даагчдын зөвлөл мэдээлэл хийлээ. “Оюутолгой компаний манай улсад төлөх ёстой 130 сая ам.долларын татвар 30 сая ам.доллар болсон нь хууль бус” гэж үзэн энэ талаар ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд энэ ажлаа ирэх лхагва гарагт мэдээлнэ гэв.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд Уул уурхайн баялаг, ашиглалт, олборлолттой холбогдолтой үйл ажиллагаанд төр оролцохгүй гэдэг заалт орсон байгаа. Өөрөөр хэлбэл, байгалийн баялгийг иргэдтэйгээ хуваахгүй, зөвхөн хувийн хэвшлийн компани эзэмшинэ гэсэн үг юм. Төрийн өмчийн компани уул уурхайн салбарт байж болохгүй гэсэн заалт оруулж байна. "Эрдэнэт" биднийг хичнээн жил тэжээж байгаа билээ. Гэтэл энэ компанийг байхгүй болгох гэж байна.

Тэгвэл Оюутолгой мөн л ийм зам руу явж байна. Байгалийн баялгаар эдийн засгаа болгож ирсэн орнуудын туршлагаас харахад бүгд л стратегийн томоохон ордууддаа төр хувь эзэмшиж байдаг” гэв. Цаашдаа ч Оюутолгойн хууль бус асуудлаар дуугарч, тэмцэнэ гэдгээ илэрхийлэв.

Мөн гадаадад амьдарч буй монгол иргэдээс бие даагч гишүүдээр дамжуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт захидал ирүүлжээ. АНУ-аас 1194, Англи улсаас 355, Дани болон Ирландаас 156, БНСУ-аас 270, Франц улсаас 40, Швейцарь улсаас 219, Японоос 161, нийтдээ 2490 хүний гарын үсэг бүхий захидал бие даагчдад ирсэн. Гишүүд тун удахгүй захидлыг төрийн гурван өндөрлөгт гардуулах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ