Гишүүд цаг сунган хуралдаж, төсвийн төслийн талаарх асуулт хариултыг дуусгав

Чуулганы үдээс хойшхи /2014.10.21/ нэгдсэн хуралдаан Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаарх Ерөнхий сайдын илтгэлтэй холбогдуулан гишүүдийн асуултаар үргэлжлэв.

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, ирэх оны төсвийн төслийг буцаан татаж аваад сайжруулсан хувилбараар эргүүлэн оруулж ирсэн гэж бодсон. Гэтэл дордоод орж ирсэн байна. Ирэх оны төсөвт бидний “хүүхдийн” гэж нэрлэгддэг 20 мянган төгрөгийг өгч чадахгүй болсон гэж сонслоо. Энэ үнэн үү. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан оюутны 70 мянгыг 96 мянга болгох ёстой. Тэтгэлгийг нэмэгдүүлсэн байдлаар олгож чадах уу гэсэн асуултыг тавилаа.

Түүний асуултад Хүн амынхөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Хүүхдийн мөнгийг 2012 онд зогсоосон байсныг сэргээж хүүхэд бүрт данс нээлгэснээр тухайн хүүхдийн нэрийн дансанд шууд орж байгаа. 2015 онд хүүхдийн мөнгө хэвээр олгогдоно. Өгөх, өгөхгүй тухай асуудал байхгүй. Засгийн газрын хуралдаанаар ийм асуудал яригдаагүй гэв.

Харин оюутны тэтгэлгийн хувьд 2015 онд үргэлжлүүлэн олгоно. Ингэхдээ салбарын яамны барьж буй бодлогоор бол голч дүн 2 болон түүнээс дээш байх, тухайн сургууль төгсөгчдөө ажлын байранд хэрхэн хамруулж байгааг харгалзах зэргээр тэтгэлгийг нийт 101 мянган оюутанд олгохоор төсөвлөсөн хэмээн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хариулт өглөө.

Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд, Чингис бондын хөрөнгийн 40 хувийг ашиглаагүй байгаа гэсэн мэдээлэл бий. Өмнө авснаа ашиглаагүй байж дахин хөрөнгө босгох гээд байгаа нь ямар учиртай юм бэ. Мөн бүх сайд нарын урсгал зардал нэмэгдсэн байна. Гэтэл бид урсгал зардлыг танах хэрэгтэй гэж тохирсон. Одоо байгаа төвшнөөс 20 хувиар хэмнэе гэдэг зүйлийг ярилцсан. Гэтэл нийлбэр дүнгээрээ урсгал зардал 833 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байгаа асуудлаар тайлбар хүсэв.

Ерөнхий сайд, бондын хөрөнгөөс үлдэгдэл байгаа нь үнэн. Өнгөрсөн жилүүдэд манай эдийн засаг богино хугацаанд томорсон. Энэ өсөлтийг дагаад томорсон чинээгээрээ зарлагаддаг жишиг тогтчихсон. Иймээс хөрөнгө оруулалт бол хэрэгтэй байгаа. Хэмнэлтийн хувьд тэвчиж болох зардлуудыг танаад явж байгаа. Цаашид аль болох хэмнэлттэй байх бодлогыг барьж байна хэмээв.

Л.Энх-Амгалан гишүүн, Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Төсвийн төсөөлөл, Төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг бичиг баримттайгаа уялдуулан Төсвийг хэлэлцэх ёстой. Гэтэл Улсын Их Хурлаар баталсан дээрх бодлогын бичиг баримтад эдийн засгийн өсөлт 2015 онд 10 хувь байна гэж баталсан байхад 30 хувиар бууруулж 7 хувь байхаар оруулж ирсэн байна. Үүнд ямар үндэслэл байна вэ. Мөн ирэх оны төсөв бол хэмнэлтийн горимд шилжсэн төсөв байх ёстой. Энэ чиглэлээр Улсын Их Хурлаас 3 тогтоол баталсан байгаа. Энэ нь төрийн байгуулалтын зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чиг үүргийн давхцлыг арилгах, албан хаагчдын тоог бууруулах, зардлаа хэмнэх гэх зэрэг агуулгатай. Дээрх үүрэг даалгаврууд биелэгдсэн үү гэсэн түүний асуултад Сангийн дэд сайд С.Пүрэв, Улсын Их Хурлаас гаргасан тогтоолуудын хэрэгжилтийг хангахаар ажлын хэсгүүд байгуулагдсан, ажиллаж байгаа. Төсвийн төсөлд шинээр орон тоог тусгахдаа аль болох бууруулах бодлого баримталсан ч шинээрашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн боловсон хүчний тоог 1714 хүнээр нэмэх шаардлага бий болоод байгаа тухай хэлээд, нийт дүндээ 920 хүнээр цөөрсөн болохыг мэдэгдсэн. Харин төрийн байгууллагуудын дэд дарга, даргын зөвлөхийн орон тоог цомхотгох асуудлаар ажлын хэсэг гарсан ч эцсийн шийдвэр гараагүй байгаа гэв.

Б.Гарамгайбаатар гишүүн, ААН-үүдэд энэ онд хийж гүйцэтгэсэн ажлуудынх нь санхүүжилтыг бүрэн өгч чадах уу. Энэ онд их хэмжээний замын бүтээн байгуулалт хийгдсэн байгаа. Зам барих нэг хэрэг харин барьсан замаа арчлах тал дээр хэрхэн анхаарч байна вэ. Мөн барилга, замын ажлын норм норматив, өртгийн тоцоолол хуучны зохицуулалтаар явагдаж байгаа, үүнийг хэрхэн зохицуулахаар төсөвт тусгасан тухай асуултыг Сангийн яамны холбогдох ажилтнуудад тухайлан тавихад Сангийн дэд сайд С.Пүрэв, замын болон барилгын салбаруудын норм норматив, өртгийн тоцоолол шинэчлэгдээгүй байгаа.Энэ асуудлаар хуучин Барилга, хот байгуулалтын яам байх үед Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтран ажлын хэсэг гаргасан байгаа. Ажиллаж байна гэсэн хариултыг өгсөн.

Замын арчилгаа болон гэрээгээр гүйцэтгэсэн ажлуудын санхүүжилтын тухайд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт хэлэхдээ, Салбарын сайдын багцад Замын сангаас 25 тэрбумыг тавьсан байгаа. Энэ нь санд төвлөрөх хөрөнгийн хэмжээтэй холбоотой юм. Харин гэрээгээр ажлаа гүйцэтгэсэн компаниудын санхүүжилтыг өгөх ёстой. Энэ ч зарчмаар ажиллана. Харин хугацааны тал дээр тодорхой хугацаагаар хойшлогдох магадлалтай байгаа юм гэв.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн зүгээсорон нутагтмаш бага төсөв хуваарилсаныг шүүмжилж байв. Тухайлбал, нэг аймагт 13 төсөл хөтөлбөрийн дунд нийтэд нь зургаан тэрбум төгрөгхуваарилсан нь учир дутагдалтай гэж байв. Энэ асуудлыг Ерөнхий сайд, хөрөнгө оруулалтын 1/4 орон нутагт шилжүүлэх зарчмын хүрээнд төсвийгболовсруулсан гэж тайлбарлалаа.

Мөн төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байхаар мэдэгдэж байсан ч тодорхой хувиар нэмэгдүүлэн төсөвлөсөнийг шүүмжилж зарим гишүүд дахин боловсруулах шаардлагатай тухай саналаа хэлж байсан. Харин дээрх асуудлаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт“2015 оны төсвийг боловсруулахдаа урсгал төсвийн зардлыг өсгөхгүй байх бодлого баримталсан. Гадаад томилолтын зардлыг 2 тэрбум, тавилгад зарцуулах хөрөнгийг 4.8 тэрбум, эм эмнэлгийн хэрэгслээс 6.1 тэрбум, бусад урсгал зардлыг 69 сая төгрөгөөр бууруулсан. Өнгөрсөн оны цалин хөлсний нэмэгдэл, боловсрол, үйлчилгээнийгэсэн зайлшгүй салбаруудад урсгал зардал нэмэгдсэн зүйлбий. Бусдаар тэвчиж болохыг зардлыг танасан” гэх хариулт өглөө.

Хуралдааны явцад хурал даргалагчийн зүгээс гишүүдийн асуултын хариуг бүрэн өгүүлэх, орхигдсон асуудлыг тухай бүрт тодруулж Улсын Их Хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангаж ажиллах тал дээр анхаарах шаардлагатай байгаа талаар Засгийн газрын гишүүдэд сануулж байв.

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга З.Энхболдын гишүүдийн асуулттай уялдуулан энэ удаагийн өргөн барьсан Төсвийн төслийн талаар ямар онцлогтой төсөв болсон тухай тодруулахад Сангийн яамны дэд сайд С.Пүрэв, ирэх жилийн төсөворон нутгийн хөгжлийг дэмжсэн, ажиллах идэвх санаачлагыг нэмэгдүүлсэн, нөөц боломжоо ашигласан, хэмнэлттэй төсөв байхаар төсөөлсөн тухай хэлж байсан.

Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт, хариулт дууссаны дараа хуулийн төслүүдийг хоёр дах хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурлын бүх байнгын хороо, нам эвслийн бүлгүүдэд шилжүүлсэнээр өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ