Өнөөдрийн эзэнгүйдэл: Мессеж

Ойрын өдрүүдэд улс төрийн амьдралд үйл явдал, учир битүүлэг зүйлээр дүүрэн байх боллоо. Өнөөдрийн халуун сэдэв бол гишүүдийн дугаарын өмнөөс сонгогчид руу мессеж илгээсэн явдал юм. Зарим гишүүдийн хувьд өөрийнх нь утаснаас өөрт нь мессеж ирэх тохиолдол ч гарчээ.
Өнөөдөр олон жил яригдсан төмөр замын царигийн асуудлын эцсийн хэлэлцүүлэг болсон. Энэ хэлэлцүүлэг явагдаж байх үеэр гишүүдийн утсанд ийнхүү мессежүүд ирэх болж. Мөн сонгогчдоос нь утасдаж ямар мессеж явуулаад байгааг нь лавлахад л “эзэнгүй” мессеж энд тэнд нисээд байгааг мэджээ. Энэ талаар хуралдаан дээр УИХ-ын гишүүн А.Бакей энэ асуудлыг гаргаж ирсэн. Тэрээр хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа "Манай тойргийн гишүүдээс дуудлага ирсэн. Миний утаснаас тэдэнд мессеж очсон тухай ярьсан. Би ямар ч мессеж бичээгүй байхад ийм зүйл байж болох уу. Мэдээллийн аюулгүй байдал гэдэг бол цаашлаад улс орны юулгүй байдалтай холбоотой" хэмээсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын утсанд өөрийнх нь дугаараас хэлэлцэж буй хуулийн төслүүдтэй холбоотой худал мессежийг илгээсэн байна. Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудасдаа “Таны өмнөөс ямар ч хувийн зорилгоор хэн ч мессеж бичиж болох нь” гэж бичжээ. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү “76 гишүүний өмнөөс мессеж бичсэн байна. Мобиком яагаад миний эрхэнд халдаад байна вэ” хэмээн жиргэжээ.
Энэ талаар УИХ-н дарга З.Энхболд өөрийн утсанд бас ийм мессеж ирсэн хэмээгээд энэ талаар ТЕГ-т үүрэг өгснийг дуулгасан юм.
Өнгөрсөн долоо хоногт М.Зоригт гишүүний өрөөнд эзэнгүй эмгэнэлийн хуудас ирсэн, өчигдөр С.Бямбацогт гишүүний өмнөөс М.Зоригт гишүүн рүү бас нэгэн эзэнгүй мессеж явуулсан гэх мэт эзэнгүйдэл үргэлжилсээр.
Ийнхүү эзэнгүйчүүд өдрөөс өдөрт гарч ирсээр л байна. Маргааш ямар эзэнгүй үйлдэл гарах бол?
Э.Үжин
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ