”Бид Э.Бат-Үүлтэй хамт”, ”Э.Бат-Үүлээ хамгаална” хөдөлгөөнүүд байгуулагдлаа

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл АН, МАХН-ын 10 жилийн гэрээг эсэргүүцэж ихээхэн тэмцэл өрнүүлж байгаа. Энэхүү тэмцэлээ "нэр төрийн хэрэг" хэмээн тодорхойлж эхэлсэн. Хамгийн гол нь Н.Энхбаяртай АН 10 жилийн хугацаанд 2016, 2020, 2024 оны УИХ, орон нутгийн 6 сонгуульд хамтран эвсэл болж орохоор болчихоод байгаа. Мөн 2017, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ч АН, МАХН зөвшилцөж орох тохироо хийгдсэн. Өөрөөр хэлбэл нийт 8 сонгуульд АН, МАХН эвсэл болж, нэг нэгнээ дэмжих, нэгнийхээ нэр дэвшүүлэгчийн эсрэг нөгөө нам нь хүнээ дэвшүүлэхгүй байх, аль нэг нь олонх болоогүй бол хамтран Засгийн газар байгуулах гэх мэт тодорхой бодлого зорилгууд дээр нэгдсэн.
Үүнийг Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл тас эсэргүүцэж байгаа. Хэрэв АН ийм гэрээ хийвэл өөрийн бүх үнэт зүйлээ устгаж, ардчилалаас ухарсан болно. Тиймээс энэ гэрээг цуцалж, Н.Энхбаяртай цаашид хамтрахгүй болтол тэмцэхээ улсын баатар мэдэгдсэн юм. Түүний мэдэгдэл, байр суурь АН-ын олон гишүүдийг нойрноос нь сэргээв. Хөдөлгөөнд оруулав. АН-ынхан түүний зарчимын байр суурийг олон мянгаараа дэмжих болсон билээ. Харамсалтай нь Э.Бат-Үүлийн бодсоноор асуудлыг амархан шийдчихгүй бололтой. Тэр олон дэмжигчийг дагуулсны адил олон эсэргүүцэгчидтэй нүүр тулсан.
Тиймээс Нийслэлийн АН-ынхан Э.Бат-Үүлийг намын дүрмийн эсрэг ажилласан, удирдлагаа дүрэм бусаар огцоруулах гэсэн олон үндэслэлээр өөрийг нь огцоруулахаар гарын үсэг зурж эхэлсэн. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Э.Бат-Үүлийг огцоруулах ёстой гэж олон гишүүд нь гарын үсэг зуран баатарыг сандаргаж эхлэв. Хариуд нь Э.Бат-Үүл "намаа устгах гэсэн, намынхаа үнэт зүйлийг үгүй хийх гэсэн удирдлагын үйл ажиллагааг чимээгүй хараад суухгүй" гэж зөрүүдэлсэн байна. Эцэстээ хэн нь үнэн яриад байгааг ч ойлгоход төвөгтэй болов. Үүнтэй зэрэгцээд Э.Бат-Үүлийг дэмжигч залуус улс төрийн тайзан дээр гарч ирэхэд бэлэн болсон байна. Түүнийг дэмжсэн хоёр ч хөдөлгөөн байгуулагдсан гэж эх сурвалж мэдээллээ.
Нэг нь "Бид Э.Бат-Үүлтэй хамт" гэсэн нэртэй бол нөгөө нь "Э.Бат-Үүлээ хамгаална" гэсэн даруухан нэртэй аж. Эдгээр залуус "Э.Бат-Үүл л МАН-ын Улаанбаатар хот дахь 22 жилийн ялгуусан ялалтыг тасалсан. Дараагийн удаа ч гэсэн Э.Бат-Үүлээр удирдуулаад ороход ялна. Улаанбаатар маш хурдан хугацаанд шинэчлэгдэж өөрчлөгдөж байна. Улаанбаатарчууд АН-ыг дэмжиж байна. Ийм хүнээ огцоруулна. Оронд нь өөр хүнийг тавина гэж байгаа бол АН амиа хорлосонтой адилхан юм болно. Хүн амын тал нь оршин суудаг стратегийн шинжтэй газраа МАН-д буцаагаад шууд өгч байна гэсэн үг. Бид Э.Бат-Үүлтэй хамт нийслэлээ хөгжүүлнэ. Бид Э.Бат-Үүлтэй хамт цаашид явна. Нийслэлчүүд Э.Бат-Үүлтэй хамт" гэсэн зүйлийг ярьж байгаа аж.
Үнэхээр ч Э.Бат-Үүл Улаанбаатар хотод олон дэмжигчидтэй. Тэднийхээ тоог улам л тэлж байна. Ийм байхад түүнийг огцоруул гэж намынх нь удирдлагаас өгч байгаа даалгавар хэрэгжих боломж маш бага. Хэрэгжлээ гэхэд ихээхэн асуудал болж, олон зүйлээ золиосолж бүтнэ гэж ажиглагчид тайлбарлаж байна. Эндээс Э.Бат-Үүлийн рейтинг ямар байгааг харж болох юм. Ийм рейтингтэй улсын батаарыг огцоруулах асуудал ирэх долоо хоногт илүү эрчимтэй яригдахаар боллоо.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ