УИХ дахь АН-ын бүлэг гомдол гаргана

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хоёр асуудлыг хэлэлцжээ. Нэгдүгээрт, өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын гарын үсэгтэй АН-МАХН-ын хооронд хийсэн нууц гэрээ гэх улс төрийн дуулианы талаар, хоёрдугаарт, 2015 оны төсвийн төслийн асуудал юм.
Нэгдүгээр асуудлын хувьд, нууц гэрээ гэх зүйлийг хуурамчаар үйлдэн олон нийтэд тараасан эзэн нь МАН-ын олон нийттэй харилцах албаны ажилтан Н.Дэмбэрэл үйлдсэн гэдгийг ТЕГ-аас шалгаж тогтоосон. Тэгвэл түүнд хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой хэмээн бүлэг үзэж, холбогдох газруудад нь гомдол гаргаж уг асуудлыг бүрэн шийдвэрлүүлэхээр болов. Мөн УИХ-ын гишүүдийн өмнөөс худал мессеж бичиж тараасан үйл явдлыг даруй нягталж эзнийг нь олох ёстой гэдэг дээр тус бүлэг саналаа нэгтгэж ТЕГ-т хандахаар болсон юм.
Харин хоёрдугаар асуудлын тухайд, ирэх оны төсвийн төсөлтэй холбоотой маш олон санал гомдол гарч байгаа учраас ажлын хэсэг гаргаж дахин нягтлуулахаар боллоо. Цаашид “Тавантолгой”-д менежмэнтийн хувьчлал явуулах, Оюутолгойн далд уурхайн асуудлыг шийдвэрлэх, төмөр замаа тавьж байж санхүүгийн асуудлаа шийдвэрлэнэ гэж тус бүлэг үзэж байна. Түүнчлэн төсвийг орон нутгийн мэдэлд шилжүүлэхийг зарим сайд нар болон Хотын захирагч Э.Бат-Үүл эсэргүүцэж байгаа учраас энэ талаар дахин ярилцахаар тохиров. Ерөнхийдөө ирэх оны төсвийн төсөл нь байгаа мөнгөндөө таарсан төсөл болсон гэж тус бүлэг үзэж байна.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ