Огцрох уу, эс огцрох уу

Уильям Шекспир манай нийгэмд аж төрж байсан бол өнөөгийн улс төрийн байдлыг хараад түүнд нэлээд хэдэн догь гэгчийн эмгэнэлт инээдмийн жүжиг бичих санаа төрөх байсан бизээ.

Өнөөдөр УИХ-ын таван байнгын хороо хуралдах бөгөөд түүнээс Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан олны анхаарлыг татаж байлаа. Гэвч сандал ширээтэйгээ зууралдсан улстөрчдийн асуудал хүндхэн байгаа бололтой хуралдаанууд хойшилж орхилоо.

Олны шүүмжлэлийг гурилаар хуураад өнгөрөх гэсэн Н.Алтанхуягийн Засгийг дахин эмхлэх асуудлын шил дээр дарж дэгдсэн Ерөнхий сайдыг огцруулах асуудал гээд төрийн ажлыг умартан гацаасан олон хоногууд үргэлжилсээр байгаа. Тэгвэл Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр хамгийн түрүүнд УИХ-ын нэр бүхий 28 гишүүний өргөн барьсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан юм.

Энэхүү асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг Байнгын хороо шийдэх бөгөөд Засгийн газрын тэргүүний хувьд ч асуудлыг жижиг дээр нь нам дарж авахаар бүх хүчээ дайчилж байгаа тухай Төрийн ордны эх сурвалжууд мэдээлж байна.

Ерөнхийдөө огцрох уу, эс огцрох уу хэмээгч нь өнөөдөртөө л тодорхой болж мэдэх юм. Асуудал чуулганы нэгдсэн хуралдаанд шилжсэн цагт хаашаа ч эргэж магадгүйг Н.Алтанхуяг сайн гадарлаж байгаа.

Түүний эсрэг сөрөг хүчний бүх гишүүдээс гадна Засгийн газартай хариуцлага тооцоорой гэсэн тойргийнхоо иргэдийн хүсэлтийг намынхаа эрх ашгаас дээгүүр тавьсан Ж.Батзандан зогсож буй. Мөн Н.Энхбаяртай дур мэдэн хийсэн гэрээнийхээ балгаар Ерөнхий сайдад дургүйлхсэн Ардчилсан намын цөөнгүй гишүүд кноп дээр ажиллахаар гар нь загатнаж суугаа.

Мөн Засгаас зайгаа авсан МоАХ-ны гишүүд ч Н.Алтанхуягийн нүүр лүү зайнаас "нулимж" магадгүй дээрээ тулсан. Тиймээс хор найруулж, хов хутгах ажил жигдэрч өгөхгүй хүндхэн байгаа бололтой Байнгын хорооны хуралдаан хүртэл хойшиллоо.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ