Ерөнхий сайд намаа ч, засгаа ч өгөхгүй

Ардчилсан намын бүлгийн хуралдаан өнөө өглөө эхэлж саяхан завсарлаад байгаа билээ.

Бүлгийн зүгээс сэтгүүлчдэд мэдээлэл өгөхгүй байгаа ч Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээллээр бүлгийн гишүүдийн олонх нь Ерөнхий сайдыг огцруулахгүй байх тохироонд хүрч байгаа гэнэ.

Гол тохиролцоо нь Н.Алтанхуяг Ардчилсан намын даргын албаасаа татгалзах, ерөнхий сайдын суудлаа харин хадгалж үлдэх бөгөөд энэ тохироог баталгаажуулахын тулд гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа аж.

Тэгвэл "Алтан гадас" фракцийн зарим гишүүд энэ тохироог эсэргүүцэж Н.Алтанхуягийн гавьяа, зүтгэлийг бодолцох хэрэгтэй, Ардчилсан нам шат шатны сонгуульд ялсан нь яах аргагүй намын даргын оролцоо, удирдлага байгаа хэмээж намын даргынх нь албан тушаалыг хэвээр нь үлдээх тухай санал оруулсан байна.

Төрийн гурван өндөрлөг өчигдөр энэ асуудлаар ярилцаж тохиролцсон гэх бөгөөд харин бүлгийн хурал дээр тохироог өөрчлөх тухай яригдаж шийдэлд хүрч чадахгүй байгаа аж.

Энэ нь ерөнхий сайд намаа ч өгөхгүй, засгаа ч өгөхгүй байр сууринд зогсож эхэлснийг харуулж байгаа юм.

М.Сонор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ