Н.Алтанхуягийн хагалах мэхний хувилбар

Өнөөдөр Ардчилсан намын бүлгийн хурал хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг тохирсон тохироондоо байж чадалгүй засгаа ч намаа ч өгөхгүй гэж дайрсаар ийнхүү бүлгийн хурал хоёр дахь өдрөө сунжирч байна.
Байнгын хорооны хурал ч бүр дашин шог болж өнөөдөр товлогдсон боловч АН-ын бүлэг завсарлага авснаар дахин хойшиллоо.
Н.Алтанхуяг тун сүүхээтэй нэгэн бололтой. Ерөнхий сайдын суудалдаа хэвээр үлдэхийн төлөө ямар ч ухаан зарж мэдэх аж. Сөрөг хүчин Ерөнхий сайдтай хариуцлага тооцож огцруулахыг завдаж байгаа хэдий ч Н.Алтанхуяг хөнгөхөн гэгч нь намын даргын албаа барьцаанд өгөөд нокаутаас гарах бололтой. Уг нь Засгийн газар хэмээх төрийн байгууллагын тэргүүнтэй хариуцлага тооцох гэсэн боловч Ардчилсан нам хэмээх төрийн бус байгууллагын даргын суудалтай л Ардын нам зууралдсан болж таарах нь.
Ардчилсан нам бол сүүлийн хэдэн жил хурлаа ч хийгээгүй хуучирч, тоосонд дарагдсан "ном" нам юм. Ийм л "тоостой ном"-оо Н.Алтанхуяг фракцуудынхаа дунд шидсэнээр эх захгүй хагарлыг эхлүүлсэн бололтой. Энэ "ном" намыг тоосноос нь салгаж унших гэсээр байтал цаг их орно гэдгийг тэр бас тооцоолсон ч биз.
Ингэснээр засгийг дахин эмхлэх төлөвлөгөөгөөр л гацаж эхэлсэн төрийн алба бүр нам зогсов. Ерөнхий сайд унах нь уу, аль яаманд хэн сайдаар томилогдох нь вэ, хэн миний даргаар ирэх бол, намайг яах бол гэсэн хүлээлт хурган дарга нарын төдийгүй жирийн албан хаагчийн толгойд эргэлдээстэй.
Аравдугаар сар дуусч ирэх оны төсвийн төслийн тухай хуулиа сангийн сайдгүйгээр хэлэлцсэн анхны улс болох дээрээ тулсан энэ цагт ард түмэн Ардчилсан намыг харсаар л сууна. Хэзээ энэ нам ерөнхий сайдтайгаа учраа олж улмаар бусад нам хүчнүүдтэйгээ хужраа тунгаах бол?
Хэзээ нэг төрийн алба жигдэрч түмний амьжиргааг сайжруулах ажил төрөл явагдах юм бол? Ийм асуулт Ардчилсан намын парламент дахь гишүүдээс бусад бүх хүний толгойд суусаар хэд ч хонов доо.
Тэд тийм ч сонин биш. Жирийн иргэний хувьд өнөөдрийн талхны мөнгө, маргаашийн сургалтын төлбөр л юу юунаас сонин. Иргэдийн хувьд Н.Алтанхуяг огцрох, эс огцрох, намаа авна уу байна уу бүр ч сонин биш. Тэртэй тэргүй иргэдийнхээ амьжиргааны чадавхийг навс унагаж, Монгол улсын эдийн засгийг уруудуулсан гай нь Ардчилсан намыг сонгуульд ялуулсан гавьяаг нь дарах нь лавтай.
Олон нийт шар нар, бор хоногтой уралдаж олсон хэдийгээ хоногийн хоолондоо хүргэхээр, юу юугүй дарахаар айсуй их утаа, хүйтний эрчнээс өмнө жаал жуул ажлаа амжуулахаар завгүй их ажилтай.
С.Тэлмэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ