Нотариатын эрхийг хугацаагүй олгох зэрэг өөрчлөлтийг тусгажээ

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр тус хуульд дараах нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулсан байна. Нотариатын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд ойртуулах үйлчлүүлэгчдийн цаг хугацаа, үйлчилгээний хөлс, зардлыг хэмнэх зорилгоор нотариатын үйлчилгээ үзүүлэх субьектийн хүрээг өргөтгөн хуульчилжээ.
Төрийн байгууллага түүний дотор бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хуульд заасан үйлчилгээг иргэдэд цахим хэлбэрээр хүргэх ажлыг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулж нотариатч өөрсдийн гэрчилсэн үйлдлийн мэдээллээр цахим сан үүсгэх, мэдээллийн санд байршуулах, бүртгэлийн байгууллагад дамжуулах, баяжуулах, түүнчлэн бүртгэлийн байгууллагад лавлагаа, хүсэлт гаргах зэргээр цахим үйл ажиллагаа эрхлэх зохицуулалтыг шинээр нэмж тусгажээ.
Нотариатын үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлж байгаа одоогийн зохицуулалтыг өөрчилж, Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн дээд сургууль, гадаад улсад эрхзүйн чиглэлээр суралцаж бакалавр болон түүнээс дээш зэргийн боловсрол эзэмшсэн, мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэн мэргэшлийн шалгаруулалтад оролцох эрхтэй байхаар, нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаагүй олгох зэрэг олон өөрчлөлтийг тус хуулийн төсөлд тусгасан байна.
Энэхүү Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болжээ.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ