2016 оноо бодвол З.Энхболдыг, 2024 оноо бодвол...

Энэ цаг үед гүйцэтгэх засаглалын хямрал гүнзгийрсэн нь төрийн эрх барьж буй Ардчилсан намын дотоод асуудал хурцадсантай салшгүй холбоотой. Энэ нь нэг ёсондоо тус нам улс төрийн жам ёсоор дараагийн лидерийнхээ эрэлд гарч байгаагийн илрэл гэж ажиглаж болно.

Засгийн газарт ажиллаж байгаа Н.Алтанхуягийн нэр хүнд ажил дээр ч амьдрал дээр ч унаж, намынхаа толгойлогчийн хувьд ч дүрмийн бус гэрээ хийдэг "найз"-тай болсон зэрэг нь алсуураа энэ хүнийг улс төрийн намын лидерийн байр сууринаас хүссэн ч эс хүссэн ч буухад хүргэж байна.

Тиймээс Ардчилсан нам дараагийн лидерээ хайж эхэлсэн нь амралтын өдрүүдэд чих дэлссэн элдэв мэдээллүүдээс илхэн. Хэчнээн бужигнаантай, хуваагдаж талцсан ч энэ намд зарчимч, нэр хүндтэй, ямар нэг асуудалд хутгалдаагүй жинхэнэ лидер хэрэгтэй байгааг жирийн гишүүд дэмжигчид нь хамгийн их ойлгож байгаа. Гэхдээ энэ нь албан тушаалын тухайд бус Ардчилсан намын үнэт зүйлийн тухай л хэрэг.

Өөртэй нь шатрын өргийн ард хэн суухыг мэдэж байсан Н.Алтанхуяг нүүдлээ ч хийгээд эхэлж. Засгийн газартай гэрээтэй хэвлэлүүдээр нэг л орой З.Энхболд ерөнхий сайд болно гэсэн мессежийг санамсаргүй бусаар тарааж эхэлсэн.

Зарим хэвлэлээр З.Энхболдыг ёжилсон өнгө аястай материал ч гарч байсан. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Төрийн ордонд болсон Ардчилсан намын удирдах ажилтнуудын зөвлөгөөний гол зорилго нь Н.Алтанхуягийг сольж болохгүй гэсэн ойлголтыг л намын жирийн гишүүд дэмжигчдэд өгөх улстөрийн дэглэлттэй жүжиг байв.

Эндээс гаргасан хамгийн гол мессеж нь төр засаг тогтвортой байхгүй бол болохгүй гэсэн мессеж. Улс төрийн тогтвортой байдлыг хадгалахыг чухалчилсан үгс урсгасан аймгуудын засаг дарга нар телевизүүдээр тасралтгүй гарснаар энэ нь илт ажиглагдана.

Тэгвэл УИХ нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар тогтвортой байгууллага бөгөөд дөрвөн жилдээ тогтвортой ажиллаж, ажлаа хийж чадахгүй сайдууд, Ерөнхий сайдыг сольж болдог билээ. Тиймээс Засгийн газрыг солих бол төр засгийн тогтвортой байдалд хамаагүй, Ерөнхий сайд солигдлоо гэж бодоход бүх хариуцлагаа нуруун дээрээ үүрэх нь тодорхой АН-ын 35 гишүүн бий. Би Ерөнхий сайд болохгүй гээд шулуухан хэлчихсэн З.Энхболдыг хасаад 34 гишүүнд Ерөнхий сайд болох зам нь нээлттэй гэсэн үг.

Ер нь Ардчилсан намынхны өмнө З.Энхболдоо дагаж хариуцлагыг урьтал болгох уу, Н.Алтанхуягийн "Н.Энхбаяртай зам"-ыг дагах уу гэсэн сонголт гарч байна. Ерөнхийлөгчийн хувьд тэрээр хууль ёсоороо Ардчилсан намын гишүүнчлэлгүй болсон хүн. Тиймээс энэ асуудалд бараг оролцохгүй байгааг эх сурвалжууд мэдээлж байгаа.

Н.Алтанхуягаа дагаж хариуцлагыг уландаа гишгэсэн намын дүртэй урагш алхвал 2016 онд сонгуульд ялагдах, улмаар Н.Энхбаяртай хийсэн гэрээ дуусах 2024 оноос л эргэн улс төрийн тавцанд гарах зураглал харагдана. Харин З.Энхболдоороо манлайлал хийж засагтай хариуцлага тооцоод явбал...

Х.Цахилгаан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ