Ц.Баасандорж: АТГ-ын хулгайч нарыг шалгуулна

АТГ-аас өчигдөр албан ёсны мэдээлэл хийж, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржийг шалгуулж байгаа талаараа мэдээлсэн. Энэ талаар өмгөөлөгч Ц.Баасандоржтой ярилцлаа.

-АТГ-аас таныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулж байгаа талаараа мэдээллээ. Харин та шалгуулаагүй гэх мэдээлэл өгсөн. Энэ талаар тодруулахгүй юу?

-АТГ-аас хийсэн мэдээллийг телевизээр үзлээ. Төв аймгийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн мэдээллээр шалгуулах болсон гэж мэдээлж байна. Л.Гансүхтэй холбоотой бичиг баримтууд миний цүнхэнд байсан. Л.Гансүхтэй уулзахаар очих үед Төв аймгийн Урьдчилан хорих төвийн алба хаагчид цүнх хурааж аваад, жижиг төмөр шкафанд хийдэг. Тэгэж байхдаа миний цүнхийг ухаж, бичиг баримтуудыг авсан байна лээ. Миний цүнхнээс нэлээн олон бичиг баримт алдагдсан. Хэн авчихсан юм бол гайхаад байсан чинь намайг Л.Гансүхтэй уулзаж байх хооронд АТГ-ынхан миний цүнхнээс хулгай хийж, бичиг баримтууд авснаа баталлаа. Өмгөөлөгч хүн өөрийн үйлчлэгчийнхээ эрхийг хамгаалж, хүсэлт, гомдол гаргадаг. Өөрийн үйлчлүүлэгчийн гэм буруугүйг нотлох ёстой. Энэ дагуу л хийж байсан баримт бичгүүд байсан. Зарим нэг нь надад хэрэгтэй бичиг баримтууд байсан.

-Тэгэхээр таныг яг ямар үндэслэлээр шалгаж байгаа юм бэ. Шалгаж байгаа талаараа АТГ-аас мэдэгдсэн үү?

-Намайг шалгаж байгаа талаар телевиз үзээд л мэдлээ. Тэгэхээр удахгүй дуудах байх гэж бодож байна. Телевизээр гаргасан АТГ-ынхны үзүүлээд байгаа бичигминийх. Харин миний бичгийг дуурайж байгаад Е сайдгээд нэмсэн юмнууд харагдаж байна лээ. Үүнийг би хуулийн байгууллагаар шалгуулна. АТГ мэдээлэл хийхдээ хэргийн талаар А-гаас нь Я хүртэл дэлгэрэнгүй ярьж байна. Гэхдээ Л.Гансүхийн хэрэг бол хэрэг биш. Цагаадна. Үндэсний аудитын газрын байцаагч н.Ичинхорлоо гэж хүн дүгнэлт гаргасан байна лээ. Худал дүгнэлт байсныг баталгаажуулна.

-Тэгвэл танд мэдэгдээгүй таныг шалгаж эхэлсэн гэсэн үг үү?

-Долоо хоногийн өмнө АТГ-ын байцаагч, комиссор н.Золжаргал намайг дуудсан. Өөдөөс камер тулгаж байгаад “Чи бидний талаар манай удирдлагуудын талаар ярьвал чи юу ч бишээ. Чамайг хэн ч биш болгож чадна. Чи Гаалийн Баатарын өмгөөлөгчийг мэдэж байгаа биз дээ. Бидний ард том хүмүүс байгаа. Чи юу ч биш шүү” гэж хэлсэн. Би тэгээд тэднээс айгаад өөрийн өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг дордуулж болохгүй. Мэдээлэл хийхдээ үзүүлсэн бичгийг ч тэр үед надад үзүүлж байсан. Мөн байцаагч н.Золжаргал чамайг Монголд гишгэх газаргүй болгоно гэж сүрдүүлсэн. Тиймээс би аравдугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид АТГ-ын дэд дарга Б.Хурцын үйлдлийг шалгуулахаар гомдол гаргасан.

-Л.Гансүхийг таны албадлагаар өлсгөлөн зарласан гээд байгаа. Үүнийгээ нотлосон мэт бичгийг цүнхнээс тань олсон гэж АТГ-аас мэдээлсэн?

-Хуурай өлсгөлөн зарласан нь Л.Гансүхийн эрхийн асуудал. Миний зүгээс Л.Гансүхийг өлсгөлөн зарлахыг хориглосон. Яагаад гэхээр Л.Гансүхийн эхнэр нь надруу залгаад “Л.Гансүх зүрхний өвчтэй шүү. Өлсгөлөн зарлуулж болохгүй” гэсэн. Тиймээс би өлсгөлөн зарлаж болохгүй гэдгийг хэлсэн. Гэтэл Л.Гансүх “Би өлсгөлөн зарлана. Тэгэхгүй бол энэ хүмүүс намайг энд ална. Би Н.Энхбаярын араас ормооргүй байна. Эсэргүүцнэ” гэсээр байгаад өлсгөлөн зарласан.

-АТГ хулгай хийсэн гэлээ. Энэ асуудлаар хаана хандах вэ?

-Хэн хулгайлаад авчихав гээд гайхаад байтал АТГ-ынханөөрсдөө хулгай хийснээ зарлачихлаа. Миний цүнхнээс эд зүйлс алдагдсан асуудлаар Төв аймгийн цагдаагийн байгууллагад Эрүүгийн хуулийн 145-д зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэжАТГ болон Төв аймгийн урьдчилан хорих төвийн хулгайч нарыг шалгуулна. АТГ-ын Д.Энхтөр, Э.Амарбат нарыг иргэний захидал харилцааны нууц задруулсан, өмгөөлөгчийн өмгөөлөх эрхийг боогдуулсан, бусдын нэр хүндэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр халдсан, гутаан доромжилсон, гүтгэсэн гэх үндэслэлээр шалгуулна. Миний хийх гэж байгаа, хийсэн бүх ажлыг тагнаж чагнаж, үүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлээд яваад байдаг юм байна.

-АТГ-аас анх Л.Гансүхийг 3.6 тэрбум төгрөг завшсан гэж мэдээлж байсан. Харин өчигдөр 13 тэрбум төгрөг завшсан болохыг тогтоосон гэж мэдээллээ?

-Хүний гэм буруутайг шүүх тогтооно. Түүнээс биш АТГ-ынхан толгойндоо бодож байгаа тоогоо хэлэх ёсгүй.

-Мэдээж шалгах эрх үүргийнхээ хэмжээнд тогтоосон байх?

-Эцсийн шийдвэрийг шүүх гаргана. Энэ хэрэг шүүхэд очоод цагаадаж болно. Миний мэдэхээр 13 тэрбум төгрөгийн хэрэг шалгагдаагүй. АТГ-аас 13 тэрбум төгрөг тогтоогдсон талаар Л.Гансүхэд огт мэдэгдээгүй.

-Л.Гансүхийг арав гаруй хүнтэй хамтарч завшсан гэж мэдээлсэн. Уг нь Л.Гансүхийн хэрэг зургаан хүнийг шалгаж байсан биз дээ?

-Энэ талаар огт мэдээлэл алга. Л.Гансүхийн хэрэгт зургаан хүнийг шалгаж байсан. Гэтэл одоо арав гаруй хүн гэж мэдээлээд байна. Цаг хугацааны хувьд ч гэсэн гайхмаар. Тэр үзүүлээд байгаа бичгээ долоо хоногийн өмнө надад танилцуулсан. Би та нар хууль бус ажиллагаа явуулж байна шүү гэж хэлсэн. Гэтэл Засгийн газар огцорно огцрохгүй гэсэн асуудал яригдаж байгаа энэ үед нөгөө Н.Алтанхуягийн эргэн тойрны хүмүүс гэсэн байдлаар зарлаж байна. Энэ нь өөрөө энэ байгууллага хэний төлөө, юуны төлөө ажиллаад байгаа вэ гэдгийг харуулж байна.

-Л.Гансүхийг гурван сарын хугацаанд цагдан хорьсон. Энэ хугацаанд хэдэн удаа байцаалт авсан бэ?

-Гурван сарын хугацаанд өмгөөлөгчийг оролцуулаадгурван удаа байцаалт авсан.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ