Алтанхуягийн таван далбаа буюу Алунгоо эхийн домог

АН-ын Удирдах ажилтны зөвлөгөөн гэгч хямдхан дэглэлттэй жүжиг өнгөрөгч бямба гаригт болж өнгөрөв. Энэ зөвлөгөөнд оролцсон намын дарга нар Шинэчлэлийн Засгийн газрыг тогтвортой байлгаж өгөөчээ хэмээн Ардчилсан намын таван туганд гарын үсгээ зурж Ерөнхийлөгчид хүргүүлжээ. Утга нь Алунгоо эхийн домгоор үлгэрлэж буй бололтой юм. Энэ тугнаасаа Ерөнхий сайд өөрөө ч нэгийг авч үзэгдэх юм. Та минь л огцорч болдоггүй юм шүү, засгаа ч сайдаа ч ерөөсөө намаа ч бүү өгөөрэй хэмээн гуйж байгаа хурган дарга нарын дүр зураг хөөрхийлөлтэй.

Хайран Ардчилсан нам"Алтанхуягласан нам" болж ,тэр хүнээ улс орны эв нэгдлийн бэлгэдэл болгон шүтэж явдаг баахан шат шатны дарга мяндагтнуудын тоглоомын байгууллага болж дээ.

Ер нь Монгол Улсын Ерөнхийлөгчид жирийн иргэдийн бус, намаар дамжиж төрд шургалсан хэдэн нөхдийн эрээ цээргүй эрээчсэн гарын үсэг бүхий туг далбааг хүчээр шахуу аваачиж өгдөг нь мөнөөх бидний ярих дуртай ёс зүйд хир нийцсэн зүйл болоо. Тэр хүн Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл болохоос Ардчилсан намынх бус. Тэгээд ч монголчуудын эв нэгдэл яачихаад байгаа юм бэ дээ.

Хэрэвээ манай намаас гарсан ерөнхийлөгч гэж үзээд байгаа бол АСЕМ-ийн чуулганыг Улаанбаатарт зохион байгуулах нэг ёсны дэлхийн геополитикийн олимпийн эрх аваад ирж байх түүхэн өдөр нь манай намаас... гээд тэр туг хиураа бариад очихгүй яасан юм бол. Энхбаяртай хийсэн дүрмийн бус гэрээтэй л эгээтэй л хоорондоо зодолдчихолгүй л угтсан шиг санагдах юм.

Шинэчлэлийн Засгийн газрыг тогтвортой байлгаж, бодлого шийдвэрийг нь үргэлжлүүлэхийн тулд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд эв нэгдэлтэй, нэг үзэл бодол, нэг эрх ашигтай байх ёстой гэдгийг Удирдах ажилтны зөвлөгөөнд оролцсон төлөөлөгчид хэлсэн гэнэ. Үүнийг нь утгачилбалтэдгээр нөхдийн хүсээд байгаа зүйл нь ерөнхий сайддаа хариуцлага тооцохгүй үлдээж, төрд хариуцлага гээч зүйлийг умартацгаая гэсэнтэй агаар нэгэн мэт.

УИХ-ын даргын үгээр бол хууль тогтоох дээд байгууллага муу ажилласан сайд нар,ерөнхий сайдад хариуцлага тооцож ажиллах нь зүгээр л хийх ёстой ажил. Ингэснээр төр тогтворгүй болчихдог юм биш. Монгол улсын их хурал тогтвортой ажиллана гэж маш товч тодорхой хэлсээр байтал “далбаадна” л гээд байх юм. Ийм зарчимч зүйл ярьж буй хүнд мөн л Н.Алтанхуягийг авч үлдээч гэсэн таван тугаасаа хүргүүлсэн гэх. Эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, ирээдүй үеээсээ зээлж амьдарч чадаад байгаа нэг нөхөрт хариуцлага тооцох гэхээр яахаараа туг далбаа, ”эвтэй байхдаа хүчтэй” болоод явчихдаг юм болоо гэж бодогдох л юм.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ