Н.Энхбаяр шинэ Засагт орж ирэх үү

Н.Алтанхуяг намын гишүүдийнхээ дэмжлэгтэйгээр огцорч тамга тэмдгээ хүлээлгэн өгөхтэй зэрэгцэн дараагийн ерөнхий сайд хэн болох вэ гэдэг асуулт нийгэмд хамгийн хүчтэй тавигдаж эхэллээ. УИХ-ын даргын хэлсэнчлэн өөрийг нь хасаад Ардчилсан намаас 34 гишүүн ерөнхий сайд болох боломжтой, тэднээс шигшигдэж ҮЗХ-гоор дэмжлэг авсан хэн нэгэн засгийн газрын тэргүүний суудалд очиж л таарна.

Мэдээж хэрэг ийм суудалд санаархахгүй аавын хүү ховор тул олон ч хувилбар яригдаж байгааг энэ удаа тодруулж нэрлэхэд эрт тул намын цаашдын замналын талаар ярилцая.

Ардчилсан нам цаашид яах вэ? Хэрхэн засаг байгуулж бусад нам хүчнүүдтэйгээ ажиллах вэ гэдэг хамгийн чухал асуудал. Дараагийн ерөнхий сайд хэн ч байсан парламентад суудалтай бусад нам хүчнүүдтэйгээ хэрхэн тогоон дотроо багталцаж ажлаа явуулахаас бүх зүйл хамаарна.

Эхний ээлжинд МАХН-тай хийсэн Н.Алтанхуягийн гэрээг цаашид хэрэгжүүлээд явах уу, цуцлах уу гэдэг асуудал гарч ирнэ. Энд засгаас явсан ч Н.Алтанхуягийн оролцоо бас л хүчтэй. Хэдийгээр намаа өгөөд, засгаа авна гэж байсан тохироондоо хүрэлгүй намын ажилтны удирдах зөвлөгөөн гэх хямдхан дэглэлттэй жүжиг явуулан намаа ч засгаа ч авч үлдэх төлөвлөгөөтэй байсан ч тэр нь нуран унасан.

Гэхдээ тэрээр одоохондоо АН-ын дарга хэвээр. Тиймээс Ардчилсан намынхан Н.Алтанхуягийг нэгмөсөн тонгорч намын даргаас түүнийг огцруулах уу гэдэг асуудал бас л давхар яригдана.

Хэрвээ Н.Алтанхуяг намын даргаар үлдсэн нөхцөлд шинэ ерөнхий сайдын суудал усан дээр суусан мэт эмзэг бөгөөд Н.Энхбаяртай хийсэн тохироо хэвээр үлдэх магадлалтай. Н.Энхбаяр нисэж ирээд Н.Алтанхуягтай нэг гэрт орж улс төрд гэрээ бөхөөхөн гэгч нь барьчихаад явлаа гэсэн биш засаг унахад эргээд нөлөө үзүүлж орхисон. Тиймээс шинэ кабинет Н.Энхбаяртай замыг сонгох уу, үгүй юу засагт "Шударга ёс" эвсэлтэйгээ үргэлжлэн засаглаад явах уу үгүй юу гэдгийг шийдэхэд дээрх асуудлууд яригдана.

Яг энэ мөчид Н.Алтанхуягийг унагасандаа сонгуульд ялсан мэт хөөрцөглөж яваа Ардын намынхан ч зүгээр баярлаад өнгөрөхгүй нь лав. Хэдийгээр байсгээд л засагт хамтрахгүй гэсэн мэдэгдлийг буурьтай гэгч нь хийдэг ч С.Баярцогт гишүүний цөөн үг олонд их нөлөөлснийг харж үзвэл МАНАН дахих хувилбар ч байхгүй гэх газаргүй.

Үхсэн буурын толгойноос амьд ат айдаг үгээр Н.Энхбаярын АН-тай хийсэн гэрээнээс болгоомжилж явсан сөрөг хүчний хувьд одоо л эргээд МАХН-даа дарлуулж хэвтэхгүй том боломж гарч байгааг харсан нь лавтай.Тиймээс Ардчилсан нам хөнжлөө сөхвөл шургаад ордог газар хэмээн удаан хугацаагаар бялуунаас хол явсан намынхан нь удирдлагуудаа шахах биз.

АН-ын шинэ засгийн газрын хувьд ч Н.Алтанхуягийн хувь заяаг давтахгүйн тулд сүвэгчлэх хамгийн том арга мэдээж хэрэг сөрөг хүчинтэйгээ эвсэх. Гэхдээ ерөнхий сайдын болоод засгийн газрын хувь заяа бөхөхөөс илүү МАН гэгч сөрөг хүчинтэйгээ нийлэх явдал нь илүү муухай гэж хардаг гишүүд АН-д цөөнгүй.

Харамсалтай нь тэдэнд дангаараа засгийн газар байгуулах чадвар даанч дутна. Их ч тэссэн, удаан ч гүрийсэн Н.Алтанхуягийг ганц МАН ингээд унагаж байгаа юм, МАХН, МАН нийлээд унагая гэвэл Ардчилсан намын хэдэн ч засгийг сольчих тоглоом хийх л хүмүүс.

Тиймээс АН-д Н.Энхбаяртайгаа эвсэх үү, МАН-тай эвсэх үү гэсэн хоёр сонголт байна. Алинаар нь явахыг бид нэг их удахгүй харах бизээ.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ