Ухамсрын шанааг хэн нь өгөх вэ?

Түүнийг унагахад гар бие оролцсон гэх намын нөхдийнхөө эсрэг Н.Алтанхуяг элдвийг хийж, хорыг найруулсаар л яваа. Уг нь УИХ-ын даргын хэлсэнчлэн парламентын гишүүдийн гол үүрэг бол муу ажилласан засгийн газартаа хариуцлага тооцох явдал. Тиймээс чуулганд суусан суугаагүй, тэдгээр гишүүд үндсэндээ парламентын гишүүний үүргээ л биелүүлсэн гэж харж болно.

Өнөөдөр ҮЗХ хуралдана. Чуулганы хуралдаанд санал хураалтын өмнөхөн эцсийн мөчид намынхаа нөхдийг горьдлогын харцаар харсан шигээ Н.Алтанхуяг өнөөдөр ҮЗХ-ны хуралд орохгүй.

Тэр орохдоо нэлээн ууртай, шийдсэн нүүдлүүдийг хийхээр орно. Яагаад гэвэл ҮЗХ-нд түүний гарт том хөзөр бий. Тиймээс дараагийн засгийг хэрхэх вэ гэдгийг шийдэхээр тэр ханцуй шамлан зүтгэж байгаа.

Учир нь УИХ-д ерөнхий сайдаа авч үлдэж чадаагүй ч намын түвшинд жинтэй нөлөө үзүүлэх хүч "Алтан гадас"-т бий. Тиймээс ҮЗХ-ны хурлаас гарах шийдвэр хариуцлагын тогтолцоо руу арайхийн зүтгэж яваа Ардчилсан намыг татаж унагаах магадлал өндөр болж байна.

Монгол Улсын цаашдын ирээдүй хэрхэх нь энэ хурлаас хамаарах тул хэн хүнгүй эндээс ямар шийдвэр гарахыг сонирхож байгаа. Хурлын өмнө ерөнхий сайдын суудалд таамаглаж буй хэд хэдэн хүний нэр хэвлэлээр хангалттай давхилаа. Гэхдээ тэр бол зүгээр л таамаглал.

Эх сурвалжийн мэдээгээр Р.Амаржаргалыг эс тооцвол "МҮДН" фракц "Алтан гадас"-ынхантай амь нэг тоглох бололтой. Харин ширээний нөгөө талд "Шонхор", "МоАХ" фракцууд зогсох нь дамжиггүй. Ингээд л ҮЗХ-ны хурал хүч тэнцүүхэн нэлээд халуухан уур амьсгалтай хуралдах нь ойлгомжтой болж байна. Шинэ засгийг ярихаас гадна ерөнхий сайдын эсрэг санал өгсөн гишүүдэд хариуцлага тооцох тухай "Алтан гадас"-ынхан шуугиж нөгөөдүүл нь эсэргүүцэж жинхэнэ нүдэлцээн эхэлнэ.

Ер нь Ардчилсан намын ҮЗХ-ны хурал МАН-ын Бага хурлаас огт өөр уур амьсгалтай болдгийг бид мэднэ. Бүр нэг удаа телевизээр шууд дамжуулж ил тод хуралдсаныг ч харсан. Тиймээс энэ удаагийн ҮЗХ-ны хурал түүхэн дэх хамгийн ширүүн хурлуудаар бичигдэн үлдэхэд байг гэх газаргүй юм.

Хамгийн гол нь олон нийтийн хүсэн хүлээж буй чухал шийдвэр тэндээс гарна. Дээрээсээ эхэлсэн хариуцлага тооцох системийг бий болгож чадах уу эсхүл Ерөнхий сайд нь л солигдоод нэг ёсондоо багаа хуулж өөр баг өмссөн нэг хүн шиг байх уу гэдгийг бид өнөөдөр, эсхүл маргааш гэхэд харж хэлцэж эхлэх юм.Хэн нь хэндээ ухамсрын шанаа өгөхийг бид харна.

С.Тэлмэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ