Ана мана үзлээ харин одоо МАНАН уу?

Завсаргүй зургаан жил засагт шадар сайд, ерөнхий сайдын алба хашсан Н.Алтанхуягт УИХ хариуцлага тооцон огцруулснаар үүсээд буй нөхцөл байдлын улмаас Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо ээлжит бус хурлаа хоёр өдөр, шөнө хийж дуусгалаа.
Нэр бүхий найман гишүүнийг хөөх тухай саналын хуудас аль хэдийнэ хэвлэлтээс гарч тэвхийтэл бэлтгэгдсэн байсан ч хурлыг даргалагч Э.Бат-Үүл шийдвэртэй эсэргүүцэж бусад нь ч дэмжжээ.
Ядаж буцахдаа лам залдгийн үлгэрээр Р.Бурмаа гишүүнийг ч болтугай явуулж оронд нь Б.Мэдрээг зүтгүүлэх лобби хүчтэй явагдсан ч шударга гишүүнээ явуулж болохгүй хэмээн олонх нь үзэл бодлоо илэрхийлж байснаар хэн нэгнийг намаас хөөх тухай яриа намжжээ.
Эцэст нь ерөнхий сайдыг тодруулах, шинэ засаг байгуулах ажлыг УИХ дахь АН-ын бүлэгт даатгаж парламентад суудалтай бусад намуудтайгаа зөвшилцөхийг чиглэл болгосон бол намын их хурлаа ирэх арванхоёрдугаар сарын 08-нд хийхээр товлож түүгээр намын даргаа өөрчлөх эсэх асуудлаа хэлэлцэхээр болжээ.
Эх сурвалжийн мэдээллээр ҮЗХ-ны хуралд "Алтан гадас"-ын эсрэг Э.Бат-Үүл баатар шийдвэртэй зогсож байсан нь хурлын танхимд олон асуудалд хүчтэй нөлөөлж байсан гэнэ.
Одоо шинэ засгийн тэргүүнээр хэн сонгогдох, аль нам хүчинтэйгээ эвсэхийг шийдэх үүрэг АН-ын УИХ дахь бүлэгт ирлээ. ҮЗХ-нд хүч тэнцсэн АН-ын фракцууд чуулганы танхимд арай өөр хүчний харьцаатай. МоАХ, Шонхор хоёр хавсайдаж "Алтан гадас"-т нэгмөсөн ухамсрын шанаа өгөх магадлалтай ч тэргүүлэгчид нь аль хэзээний ерөнхий сайдын суудлаас татгалзахаа илэрхийлээд байгаа нь олонд эргэлзээ үүсгэж байгаа. З.Энхболд, Х.Баттулга нарт ерөнхий сайдын суудал захиалсан мэт нийцэх ч тэд энэ удаа Н.Алтанхуягийн тарьсан шавхайд очиж хальтрахыг хүсэхгүй байгаа бололтой.
Шинэ ерөнхий сайдаар хэн ч тодорсон бай түүнээс илүү АН парламентад суудалтай аль намтай эвсэх нь илүү сонирхол татах боллоо. Эх сурвалжийн мэдээлснээр бусад намуудтай зөвшилцөж байгуулах "Үндэсний эв нэгдлийн засгийн газар" байгуулагдах боломж байгаа ч энэ нь тун ч магадлал багатай юм.
Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын байгуулсан гэрээг ҮЗХ-ноос хүчингүйд тооцсон тул заавал "Шударга ёс" эвсэлтэй нялуурах шаардлагагүй гэдгийг ч харуулж байна. Ингэснээр өнгөрсөн хавар С.Баярцогт гишүүний сануулах, уриалахын завсарт дурдаж байсан "МАНАН" дахин байгуулагдаж ч болзошгүй. Ер нь "Шударга ёс" эвсэл тогтвортой хамтрагч байж чадахгүйгээ нэгэнт харуулаад зогсохгүй олдсон булуун дээрээ зодолдож гэрээ ч шатаачих нөхөд болохоо таниулсан.
Тиймээс төр барих үлдсэн хугацаандаа тогтвортой байдлыг эрхэмлэе гэвэл МАН-тай зөвшилцөх хэрэгтэй гэсэн байр суурь ч АН-ын нөлөө бүхий гишүүд илэрхийлж байгаа сурагтай.
Гэхдээ МАНАН-таж явсны эцэст ямар үнэлгээ авдгийг сөрөг хүчний гашуун туршлага харуулна. Тиймээс "Эвлэрлийн засаг" байгууллаа гэтэл эвдэрлийн үүдээ нэгэнт нээж ирэх сонгуульд ялагдаад зогсохгүй, Ардчилсан нам бутрах вий гэсэн болгоомжлол ч бас бий.
Ямартай ч энэ удаагийн засгийн газар 2016 он хүртэл тогтвортой байх нь чухал гэдгийг АН-ынхан биесдээ сануулж байгаа аж.
Гэсэн хэдий ч энэ долоо хоногт фракцуудын тохиролцоо хийгээд намуудын тохироо хийгдэж амжихгүй нь тодорхой. Эдийн засгийн хямралаас нэгдүгээрт тавьсан сандал ширээний төлөөх улстөрчдийн бужигнаан үргэлжилсээр байна.
С.Тэлмэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ