Н.Алтанхуягийг “Түгжилдсэн” найзууд нь

Д.Арвин гишүүний хэд хоногийн өмнө хэлсэн үг олны анхаарлыг татаад байгаа.

Тэрээр Н.Алтанхуягийн баруун, зүүн гар буюу Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын үнэн нүүр царайг харуулсан шулуухан үг унагасан нь олон хүнд экс ерөнхий сайдыг өрөвдөх сэдэл төрүүлжээ.

Хар багын анд Э.Бат-Үүлийг муу найзыгаа ингэж Түгжилдэх гэж хэмээн жиргээгээр дайруулж байсан Н.Алтанхуягийг жинхэнэ Түгжилдсэн гарууд нь хэн байсныг Д.Арвин хэлээд өглөө хэмээн жиргээчид ч бах нь ханаж байгаа бололтой.

Ерөнхий сайдыг огцруулах чуулганы хуралдаанд оролцоогүйгээ тайлбарлахдаа Д.Арвин гишүүн “Манай фракцийн гишүүд бүлгийн хуралдаанд ерөнхий сайдаа авч үлдээд, дараа нь хариуцлагын асуудлыг нам дотроо ярина гэсэн байр суурьтай байсан, гэтэл өөрийнх нь “Алтангадас” фракцийн С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар Н.Алтанхуяг даргыг өөрөө өргөдлөө өгөөд огцрох ёстой гэдэг хатуу мэдэгдэл хийж, ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилно гэдэг зүйлийг ярьсан, тохирсон. Өөрсдөө намынхаа эсрэг ийм зүйл ярьсанд би дургүй хүрч, хувьдаа аль алинд нь оролцохгүй байхаар шийдсэн” хэмээсэн юм.

Д.Арвингийн үг үнэн болохыг эх сурвалжууд баталж байгаа юм. Тиймээс Н.Алтанхуягийг огцруулах төлөвлөгөө нам дотроосоо, тэр бүү хэл “Алтан гадас”-аас нь гарсан байж мэднэ гээд хэлчихэд нэг их буруудахгүй биз. Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар хэн хэн нь Н.Алтанхуягийн дор олон жил явж хатаагдсан улстөрчид тул цаг нь болсон гэж өөрсдөө ч үзсэн биз.

Ингээд нэгэн цагт Монголд Н.Энхбаяр шиг хүчтэн байгаагүй ба түүнийг өөрийн гараар татаж гаргасан залуус нь эврээ ургахаар мөргөсөн үлгэр Н.Алтанхуягийн үед давтагдсан бололтой. Саяхныг хүртэл Н.Алтанхуяг шиг намаа гурван шатны сонгуульд ялуулсан, засгийн газраараа дамжуулж намаа атгаж, намаараа дамжуулан УИХ-ыг атгаж суусан, тэр ч бүү хэл ерөнхийлөгчийн “давхар дээл”-ний хуулийн төслийг парламентад унагасан гээд түүн шиг нөлөөтэй хүн байсангүй. Тэгвэл хүчтэний ард “Түгжил”-үүд байдаг л бололтой.

Нэг фракцад багтдаг Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар нь хор найруулж суухад хөөрхий Н.Алтанхуяг яаж ч тэсэхэв дээ. Төрийн ордонд АН-ын Удирдах ажилтнуудын зөвлөгөөн хэмээх шоу зохион байгуулж “Дарга өөрөө өргөдлөө өгөөд огцрох ёстой, ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилно” гэх мэтчилэн ярилцаж байхад мань эр нөгөөх л тууз хайчилдаг ажлаа хийгээд явсан байна лээ.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ