Д.Эрдэнэбат: Р.Амаржаргал хамгийн чадварлаг боловсон хүчин

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, хуралдаанаараа Ерөнхий сайдад Р.Амаржаргалыг дэмжихийг 100 хувь дэмжсэн. АН-ын бүлгээс Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Д.Ганбат нарыг дэвшүүлсэн ч бүлгийн хурлын өмнө УИХ-ын гишүүн Д.Ганбат нэрээ татсан юм. Ингээд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Бүлгийн хуралдаанд зарим гишүүд оролцсонгүй. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-УИХ дахь АН-ын бүлэг 35 гишүүнтэй. Хуралдаанд нийтдээ 30 гишүүн оролцсон. Санал хураалтад 27 гишүүн оролцсон. Энэ нь АН-ын бүлгийн гишүүдийн дийлэнх олонх нь юм.

-Засгийн газрыг байгуулахдаа парламентад суудалтай бүх намуудтай зөвшилцөх үү?

-Бүх намуудтай зөвшилц гэдэг үүргийг өгсөн. Тийм учраас парламентад суудалтай бүх намуудад санал хүргүүлнэ.

-АН-ын дарга Н.Алтанхуяг Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулахад дэмжсэн гишүүдээс Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхгүй гэж байсан ч Р.Амаржаргал 100 хувийн саналаар дэмжигдлээ?

-Энэ бол манай намын даргын байр суурь. Намын дүрмээр энэ харьцаа өөр байдаг. Мөн бүлгийн дүрэм ч өөр. Бид бүх асуудлыг бүлгийн дүрмийн хүрээнд шийдсэн.

-Бүлгийн шийдвэр ҮЗХ-д унавал яах вэ?

-Үүнийг би хэлж мэдэхгүй. Гэхдээ унах гэсэн зүйл болохгүй байх.

-Р.Амаржаргал гишүүн Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө юуг тусгасан байсан бол?

-Улс төр, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар Р.Амаржаргал гишүүн ярьж, тодруулсан. Бид бүлгийн хуралдаан дээрээ ярьж байгаад маргааш олон нийтэд танилцуулах нь зүйтэй гэж үзсэн. Анх удаа АН фракц, хоорондын жижиг зөрчилгүйгээр энэ асуудлаа шийдвэрлэж чадсаныг онцолж хэлмээр байна. Улс оронд тулгамдсан асуудлыг бид сандал суудал гэхээсээ илүү улс үндэстнийхээ эрх ашигт нийцүүлэн, ардчиллынхаа үнэт зүйлийг баталгаажуулсан торгон ирмэг дээр ирсэн. Р.Амаржаргалыг нэр дэвшүүлж байгаа нь улс орноо эдийн засгийн хямралаас гаргаж чадах хамгийн чадвартай, бидний дунд хамгийн чадварлаг боловсон хүчин. Бид Р.Амаржаргалд итгэж байна. Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчээ одоо АН-ын дарга Н.Алтанхуяг ҮЗХ-д өргөн барина.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ