Ц.Элбэгдорж: Монголын төлөө өөрийгөө золиослох Ерөнхий сайд хэрэгтэй

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар залуу улс төрч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг тодроод байна. Өнгөрсөн баасан гаригт болсон АН-ын ҮЗХ-ны хурлаар Ч.Сайханбилэгийг 53.5 хувийн саналаар ҮЗХ-ны гишүүд дэмжсэн юм.
Тэгвэл шинэ Ерөнхий сайдаар томилогдох хүн Монголын төлөө өөрийгөө золиослох Ерөнхий сайд байх ёстой гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцоллоо.
Тэрээр телевизийн нэвтрүүлэгт орохдоо шинээр томилогдох Ерөнхий сайдын талаар үзэл бодлоо залуустай хуваалцсан юм.
Ц.Элбэгдорж “Одоо гарч ирэх Ерөнхий сайдад хоёр шаардлага тавина. Та 2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар бодох шаардлагагүй. Намын дарга болох шаардлагагүй, улс төр бодох шаардлагагүй. Үлдсэн 1.6 жил улс орноо л бод. Өнөөдөр гарч ирэх Засгийн газар золиосны Засгийн газар болно. Өнөөдөр жил зургаан сар ажиллаад тав, арван жилийн дараа дахиад Ерөнхий сайдаар ажиллах тухайгаа боддог, Ерөнхийлөгч болох тухай ярьдаг байж болохгүй. 2016 онд УИХ-ын сонгуулиар нэрсийн жагсаалтад оруулж өгөөрэй гэдэг буруу. УИХ, Засгийн газар дандаа дараагийн сонгуулиа бодож ажил хийгээд байна. Монголын төлөө өөрийгөө золих Ерөнхий сайд хэрэгтэй. Одоо гарч ирэх Ерөнхий сайд нуух оролддог биш зүрхтэй нь ноцолддог Ерөнхий сайд байх ёстой. Тийм хэцүү ажил хийх гэж байгаа хүн гэдэг юун дээр очих гэж байгаагаа мэдсэн байх ёстой. Түүнийг ажиллах боломжийг намын бүлгүүд бий болгох нь чухал” гэж удахгүй сонгогдох Ерөнхий сайдад тавьж буй шаардлагаа хэллээ.
Ерөнхийлөгчийн байр суурийг дүгнэж үзвэл шинэ Ерөнхий сайдад улс төрийн оноо бодож биш зөвхөн улс орноо бодож ажиллах ёстойг урьдчилан сануулж байна. Харин огцорсон Засгийн газрын тухайд “Засгийн газар огцрох, Ерөнхий сайд огцроход дургүй. Ер нь тэгэх шаардлагагүй. Ерөнхий сайд их сайн хүн байгаа учраас огцруулах хэрэггүй гэж байгаа юм биш. Огцорсоны дараа хор нь дийлддэгүй учраас тэр. Тэр хороос хамгаалах дархлаа Монголын улс төрд тогтоогүй байна. Манайхан ажил авахдаа их гоё юм ярьж авдаг. Хамгийн гол нь ажлаа өгч сурах хэрэгтэй. Ажил аваад хэлж байсан талархлын үгээ мартаж болохгүй. Хааяа түүнийгээ санаж байх хэрэгтэй. Дээрээс нь ажлаа зөв өгч сурах хэрэгтэй. Үүнийг хуулиар зохицуулах шаардлагатай” гэсэн юм.
Юутай ч шинээр томилогдох Ерөнхий сайдын тухай Ерөнхийлөгч өөрийн байр сууриа илэрхийллээ. Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар тодроод байгаа Ч.Сайханбилэгийг сайд болгохын тулд Ардчилсан нам Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. Ерөнхийлөгч дэмжсэн тохиолдолд УИХ-ын нэгдсэн чуулганд оруулан хэлэлцүүлж томилох юм. Нэг үгээр хэлбэл, Ч.Сайханбилэгт Ерөнхий сайдын тамгыг барихын тулд хоёр даваа үлдлээ.
Б.Золбоо
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ