Ч.Сайханбилэгийн давааны цаана даваа

Өнгөрөгч баасан гаригт болсон Ардчилсан намын ҮЗХ-ны хурлаар томоохон шийдвэрүүд гаргаж чадсан нь олон нийтийн анхаарлын төвд байлаа. Дараагийн хийх алхмыг нь хэвлэлийнхэн янз бүрээр таамаглан хүлээж байсан ч Н.Алтанхуягийг сайн дураараа намын даргын ажлаа өгнө гэж бодоогүй байсан бизээ.
Шөнөөр голдуу ширүүхэн хуралдаж байсан Ардчилсан намынҮндэсний зөвлөлдөххорооны хурал харин сүүлдээ эв нэгдлийн байдалд шилжиж ямар ч атугай үүргээ гүйцэтгэж чадсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсэнгүй.
Ингээд шуудайд хийсэн үхрийн эвэр шиг олон фракцийн зарчимтай тус намыг цаашид зүй ёсоор нэгтгэж удирдаж чадах УИХ-ын дарга З.Энхболд өрсөлдөгчгүйгээр намын дарга боллоо. Түүнд түүний хэлснээр хамгийн хамгийн тодотголтой Н.Алтанхуяг тамгаа хүлээлгээд өгчихсөн.
Намын даргаа шинэчилсэн ҮЗХ-ны гол даалгавар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах явдал байлаа. Өмнө нь УИХ дахь намын бүлэг Р.Амаржаргал гишүүнийг дэмжчихсэн байхад Ч.Сайханбилэгийг түүнтэй өрсөлдүүлж улмаар Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулж чадсан нь амралтын өдөр гэлтгүй уншигчдын саналыг талцан хуваагдуулж байлаа.
Эндээс нэг зүйлийг анзаарч болно. ҮЗХ-ны хурлаас гаргасан хоёр шийдвэрийн хувьд.
Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх болсон нь тэрээр юу юугүй Засгийн газрын тэргүүн болчихсон гэсэн үг биш юм. Энэ шийдвэр нь нам хэмээх улс төрийн зорилгоор эвлэлдэн нэгдэгсдийн байгууллагаас төрд санал болгож буй санал юм.
Харин тухайн байгууллагын төлөөлөл намын даргаа шинэчлэн сонгосон нь байж болох бүрэн эрхийн асуудал бөгөөд энэ намын даргаар Зандаахүүгийн Энхболд сонгогдсон нь нэгэнт шийдэгдсэн асуудал. Одоо тэрээр намын их хурлаа хуралдуулж намаа шинэчлэх ,бүтэц бүрэлдэхүүндээ анхаарах гээд үзэл санаа үнэт зүйл нэгтэй олон арван мянган нөхдөө манлайлаад явна.
Харин Ч.Сайханбилэгийн өмнө хоёр том даваа бий. Ерөнхийлөгч бөгөөд УИХ. Намынх нь бүлгээс Р.Амаржаргал гишүүнийг өмнө нь санал болгосонхэдий ч намын шинэ даргын уриалгаар Ч.Сайханбилэгийг дэмжих өндөр магадлалтай. Үүний дарааЕрөнхийлөгч дэмжсэн нөхцөлд УИХ-аар хэлэлцэж баталгаажуулах юм. Түүний дараа л Ч.Сайханбилэгийг Засгийн газрын тэргүүн боллоо хэмээж болох бизээ.
Ерөнхийлөгчийн хувьд шинэ ерөнхий сайдад тавих шаардлагаа нийтэд зарлачихаад байгаа. Тэрээр “Одоо гарч ирэх Ерөнхий сайдад хоёр шаардлага тавина. Та 2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар бодох шаардлагагүй. Намын дарга болох шаардлагагүй, улс төр бодох шаардлагагүй. Үлдсэн 1.6 жил улс орноо л бод. Өнөөдөр гарч ирэх Засгийн газар золиосны Засгийн газар болно.
Монголын төлөө өөрийгөө золих Ерөнхий сайд хэрэгтэй. Одоо гарч ирэх Ерөнхий сайд нуух оролддог биш зүрхтэй нь ноцолддог Ерөнхий сайд байх ёстой. Тийм хэцүү ажил хийх гэж байгаа хүн гэдэг юун дээр очих гэж байгаагаа мэдсэн байх ёстой” хэмээсэн. Тэгвэл Ерөнхийлөгч Монголын төлөө өөрийгөө золих Ерөнхий сайдыг Ч.Сайханбилэг мөн гэж үзэх үү, үгүй юу гэдгийг бид өнөө маргаашгүй харна.
Харин чуулганы танхимд бусад намуудад хэр амтлаг бялуу санал болгохоос шалтгаалаад ерөнхий сайд болон шинэ засгийн эмхлэн байгуулагдах хугацаа шалтгаалах болно. Иймэрхүү даваануудыг давж байж Ч.Сайханбилэг гүйцэтгэх засаглалын тэргүүний суудалд заларна. Гэхдээ тэр цагт түүний өмнө тулгарах хамгийн том даваа нь Монголын ард түмнийг сөхрүүлээд байгаа эдийн засгийн хямрал байх болно.
Н.Умард
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ