Д.Эрдэнэбат: Н.Алтанхуягийг Ч.Сайханбилэгээр сольсон гэж ойлгож болохгүй

АН-ын бүлэг хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Хуралдаанд оролцсон 29 гишүүний 19 нь Ч.Сайханбилэгийг дэмжсэн юм. Ингээд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг Засгийн газрын эдийн засгийг хямраасан гэж үзэж байна. Гэтэл Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн нь Н.Алтанхуягийн Засгийн газар унаагүйтэй адил гэж үзэж байна. Энэ талаар?
-Н.Алтанхуягийг Ч.Сайханбилэгээр сольсон гэж шууд ойлгож болохгүй. Өнөөдөр үйлчилж байгаа Монгол Улсын хуулийн хүрээнд энэ асуудлыг ярина. Засгийн газар огцорсон бол тэр бүрэлдэхүүнээс нь буцаад Ерөнхий сайд сонгож болохгүй ээ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. ҮЗХ-ны шийдвэрийг хуулийнх нь хүрээнд АН-ын бүлэг баталгаажуул гэсэн даалгавар өгсөн учраас санал хураалт явагдсан.
-ҮЗХ хоёр долоо хоногийн өмнө хуралдахдаа Ерөнхий сайдыг тодруулах эрхийг нь УИХ дахь АН-ын бүлэгт өгсөн. Гэтэл Гүйцэтгэх зөвлөлөөс Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлж оруулж ирээд баталчихлаа. Эсвэл тогтоол зассан гээд байгаа нь үнэн болж таарч байна уу?
-ҮЗХ-ны хурлаар бүлэгт эрхийг өгсөн нь үнэн. Энэ хүрээндээ Р.Амаржаргал гэдэг нэр дэвшигчийг бид ҮЗХ-д санал болгосон. Нэр дэвшигчийг батламжилж болно, батламжлахгүй ч байж болох эрх нь зөвхөн ҮЗХ-д хадгалагддаг учраас энэ шийдвэр гарсан гэж ойлгож байна. ҮЗХ нь Р.Амаржаргалын шийдвэрийг хүлээж авсан. Шинэ гарсан намын дарга хоёр дахь нэр дэвшигчийг Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцээд оруулж ирсэн. Тийм учраас хоёр нэр дэвшигчийг өрсөлдүүлсэн.
-Чуулган дээр АН-ын бүлэг нэгдсэн байр суурьтай орно гэж тохирсон уу. Эсвэл өнөөдөр эсрэг санал өгсөн гишүүд мөн чуулган дээр тийм санал өгөх үү?
-УИХ-ын гишүүн өөр өөрийн бүрэн эрхтэй. Итгэл үнэмшлээрээ энэ удаагийн бүлгийн хурал дээр саналаа өгсөн гэж ойлгож байна. Чуулган дээр ямар санал өгөхийг би мэдэхгүй. Бүлгийн даргын хувьд хэлэхэд энэ төр тогтвортой байгаасай гэж хүсч байна.
-Ч.Сайханбилэг үнэхээр хямралыг зогсоож чадах уу?
-АН-ын бүлэг олонхоороо шийдвэр гаргасан. Энэ дээр хэн нэгний тухай биш урагшаа харж ажиллах тухай яригдана. Эдийн засгийн нөхцөл байдлаар гишүүд өөр, өөрсдийн байр суурийг илэрхийлж байна. Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдвал үнэхээр энэ хүндрэлийг давж туулах чадвартай баг бүрдээсэй гэж хүсч байна.
Б.Золбоо
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ