Х.Болорчулуун: Хяналтгүй төр, Хазааргүй морь ижилхэн

Даваа гариг бүрийн өглөө УИХ дахь бие даагчдын зөвлөл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийдэг уламжлалтай. Бие даагчдын зүгээс өнөөдөр парламентад суудалтай намууд дахин МАНАН үүсгэх нөхцөл бүрдээд байгаа талаар байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Ардчилсан нам дангаар Засгийн газраа байгуулж чадахгүй нь нэгэнт тодорхой болсон учраас бусад намуудад уриалга хүргүүлж, Эвлэрлийн, Эв найрамдлын гэх мэт сайхан нэрийн дор дахиад МАНАН үүсгэх гэж буй талаар хүчтэй яригдаж байна. Ид манангийн үеэр боохойн хулгай ихэсдэг. Төрд түнэр харанхуй, өтгөн “манан” үүсвэл хяналт, хариуцлага бүрмөсөн үгүй болдгийг бид өнгөрсөн жилүүдийн жишээнээс хангалттай харсан.

УИХ-ын гишүүдийн 30 хувь нь ард түмнээс бус намын сонголтоор үндсэн хууль зөрчин парламентад орж ирсэн байгаа. Энэ хүмүүс намынхаа эрх ашгийг улс орны эрх ашгаас дээгүүр тавьж байна. Товчхондоо, улстөрийн намууд төрийнхөө дээр гарчихжээ.

“Хяналтгүй төр, хазааргүй морь хоёр адилхан” гэж эртний үг бий. УИХ дахь бие даагч гишүүд бид аль нэг намыг бус ард түмнээ төлөөлөн парламентад сонгогдсон гишүүдийн хувиар сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж,парламентын халуун тогоонд буцалж буй бохир, нууцлагдмал бүхнийг ил гаргахын төлөө ажилланагэсэн юм.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Засгийн газрын танхимыг яаралтай эмхлэн байгуулах шаардлагатай байгааг онцлов. Төр засаг нам төвтөй үйл ажиллагаа явуулдаг болсон учраас аль нэг нам хямрахад төр тэр чигээрээ хямарч байна. Анх удаа бид Ерөнхий сайдгүй, Сангийн сайдгүйгээр улсын төсвөө баталж үзлээ. Шинээр байгуулагдах Засгийн газарт парламент гэхээс илүүтэй ажлаа сайн мэддэг, туршлагатай мэргэжлийн хүмүүсийг гаднаас томилж ажиллуулах нь чухал гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ