Н.Батцэрэг: МАН Засагт орвол хоёр талын байгуулсан гэрээ дуусгавар болно

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар хурал нэлээд хэрүүл тэмцэлтэй, ширүүн болж өнгөрсөн гэж байна. Ингээд бүлгийн дарга Н.Батцэрэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Бүлгийн хурлаар ямар асуудлыг хэлэлцэв?

-Эхний ээлжинд бид нийслэлийн усан хангамжийг сайжруулах, Туул голоо хамгаалах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулахаар болсон. Мөн өнөөгийн нийгмийн өмнө тулгамдаж буй бас нэгэн асуудал бол хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ. Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд мансууруулах бодис хэрэглэх нь ихэсч байгаа тул хууль эрх зүйн орчныг чангатгах нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзсэн. Тиймээс хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх УИХ-ын тогтоолын төслийг санаачлахаар боллоо. Мөн 2012 оны сонгуулийн дүнгээр хамтарсан Засгийн газар байгуулахад “Шударга ёс” эвсэл АН-ын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Тэгэхээр энэ гэрээ цаашаа үргэлжлээд гэрээний хүрээнд хамтраад ажиллах юмуу, гэрээ дуусгавар болоод шинэ нөхцөлд хамтрах тухай асуудал яригдах уу гэдэг чухал асуудал. Тиймээс АН-ын удирдлагууд, бүлгийн удирдлагуудтай яриа хэлцэлд орно. Тэрний дараа Засгийн газрын аль бүтцэд хэнийг томилж ажиллуулах вэ гэдгийг ярина.

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг парламентад суудалтай намуудтай хамтран ажиллах саналыг хүргүүлсэн байна?

-Бүх намуудад албан бичиг хүргүүлсэн юм байна. Хэрвээ МАН орохгүй гэж шийдвэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бидний хоорондын хамтын ажиллагааны гэрээнд зарим талаараа нэмэлт оруулж болно. Ерөнхийдөө гэрээ цаашаа үргэлжлээд явна. Хэрвээ МАН орно гэж шийдвэл хоёр талын байгуулсан гэрээ дуусгавар болно. Гэрээ дуусгавар болно гэдэг нь улс төрийн шинэ нөхцөл байдал үүснэ. Засгийн газарт ямар нөхцөлтэй орох вэ, шинэ гэрээг гурван тал, дөрвөн талт байх уу, зөвхөн АН-тай байгуулах уу гэдгийг одоо хариулах боломжгүй байна.

-Шинэ Засагдан дээлтэй байхыг Ерөнхийлөгч шаардаж байгаа. Тэгэхээр өмнө бүрэлдэхүүн хэвээрээ ороод ирвэл та гишүүнээсээ татгалзаад сайд болох уу?

-Намайг дахиж өргөн барих уу гүй юу гэдэг нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Засагт хамтрах эсвлийн удирдах зөвлөл, бүлгийн гишүүд энэ талаар санал солилцох байх. Ерөнхий сайд бүрэн эрхийн хүрээнд яаж харж байгаагаас шалтгаална.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ