Ардчилсан нам МАН-тай эвсэх нь тодорхой болов

МАН, АН хамтарч засагт орох нь тодорхой болж байна. "Шударга ёс" эвсэлтэй засаг байгуулаад юу болсныг харсан учир сонгууль хүртэл энэ засгийн газрыг тогтвортой байлгахын тулд МАН-тай хамтрахаас өөр гарцгүй гэдгийг АН-ынхан ойлгосон бололтой. 2012 оны сонгуулиас өмнөх засгийн газар МАНАН нэрээр тодотгогдож байсан бол энэ удаа хоёр намын эвсэл цаг үеийн хүсэл шаардлагаар байгуулагдах учир олон нийт манан бус гэгээ болгож харах нь тодорхой.
Учир нь эдийн засгийн хямрал ард түмний хүзүүн дээр тавьсан хутга мэт болж долларын төгрөгтэй харьцах ханш 1900-д хүрсэн энэ цагт намууд учраа ололцож төрийн ажлыг гацаа саадгүй явуулахыг л монголчууд хүсэж байгаа. Тиймээс манан байна уу, будан байна уу гэдэг нь сонин биш болжээ.
Одоо төрийн ордонд АН, МАН-ын ажлын хэсэг "болзож" байгаа. УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийнхэн Төрийн ордонд анхны зөвшилцөх уулзалтаа хийсний дараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийх юм.Ардчилсан намын бүлэг өчигдөр УИХ-ын гишүүн М.Батчимэгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулснаа мэдэгдсэн бол УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн даваа гаригт УИХ-ын гишүүн Су.Батболд тэргүүтэй ажлын хэсгийг байгуулсан юм.
Энэ болзооноос гарсан шийд их олон зүйлийг шийдэх юм. Эх сурвалжийн мэдээллээр МАН-ын зүгээс сонгуулийн саналыг автомат хар машинаар тоолохыг болиулахыг шаардсан сурагтай. Санал тоолдог автомат хар машин үнэндээ МАН-ын дараалсан гурван шатны сонгуульд ялагдсаны гол шалтгаан гэж тэд харсаар ирсэн. Ардчилсан нам, МАН хоёрын эвслийг МАНАН болгож нэрлэсэн Н.Энхбаярын үүсгэн байгуулсан МАХН энд гол үүрэг гүйцэтгэсэн хэдий ч МАН-ынхан хар машин л гэдэг. Тиймээс тэдний засагт орох асуудалд хэдэн сайдын суудал авах вэ гэдгээс гадна сөргүүлэн тавьж буй гол шаардлага нь энэ аж.
Ардчилсан намынхан ч энэ шаардлагыг нь хүлээж авч байгаа гэнэ. Ингээд сайдуудын сандал ширээний квотыг шийдчихвэл үндсэндээ хоёр нам засагт эвсэж орох нь тодорхой болжээ.
Тэгвэл МАН засагт орсон тохиолдолд "Шударга ёс" эвсэл АН-тай хамтрахгүй гэдгээ бүлгийн дарга Н.Батцэрэг нь хэлчихсэн байгаа. Тиймээс бүлгийн даргын үгээ ганц ч болтугай сайдын суудлаар арилжчихгүй бол МАХН, МҮАН засгийн гадуур үлдэх болно.
Ингэснээр монголчууд 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан чуулганы бүрэн эрхийн үлдсэн хоёр жилийн хугацаанд нь байрлал өөрчлөгдсөн дүр зургийг харах болох нь.
Н.Умард
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ