Намаа бодох уу, улсаа аврах уу

Ийм сонголт Ардын намын өмнө тулгараад байна. Уг нь бол ямар ч улс төрийн хүчний хувьд мөрөөдлийн бялуугаа амтлах боломж буюу засгийн газарт орох уу болих уу гэсэн хялбархан сонголт л доо. Дуугүйхэн л гүйгээд ормоор. Гэхдээ хамтарч засаг бариад сонгуулийн өмнө бултаж хариуцлагаа үлдсэндээ тохдог үзэгдэл Ардын намын хувьд тун саяхны мэт гашуунаар харагдаж байгаа.
Тиймээс нэг мэхэнд хоёр унахгүйн тулд гэсэн бодолтой МАН-ын гишүүд цөөнгүй байгаагаас ийнхүү засаг эмхлэх ажил гацаанд ороод байна гэж хэлж болох. МАН-аас засагт эвсэх үү үгүй юу гэсэн шийдвэрт тус намын бүлгийнхэн хоёр хуваагдаад байгаа нь ийм учиртай.
Тэгэхээр нэг ёсондоо намаа сонгож ирэх сонгуульд эртнээс бэлдэх үү, улсаа бодож хямралаас гарахын тулд өрсөлдөгчтэйгөө нэг өвөрт орох уу гэсэн сонголт тэдний урд байгаа. Өнөөдөр МАН-ын Бага хурал хуралдаж, засагт хамтрах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Яг ийм асуудал, ийм сонголттой Ардчилсан намынхан ч хэдэн жилийн өмнө тулж л байсан.
Сонголт нь ямар ч гарсан эвлэлдэж нэгдсэн гэдэг утгаараа ард түмэнд ашигтай болдог талтай. Манан гэж муухай нэр гаргасан л болохоос Н.Энхбаярын эвтэй байхдаа хүчтэй гэдэг үг жинхэнэ энэ үед л бий болдог.
Долдугаар сарын 01-ний хэрэг явдлын дараа олимпийн аваргатай болж, хамтарсан засгийн газар байгуулагдаж монголчуудын эвтэй байх цаг үе дахин сэргэсэн. Яг тэр үе шиг монголчууд Оюутолгой, Тавантолгойгоо гацаанаас гаргаж, эдийн засгийн хямралаас салах цаг ирснийг нөхцөл байдал, Н.Алтанхуягийн уналт сануулаад байгаа хэрэг.
Тиймээс ирэх сонгуулийн зураглал, хаяад явах уу, хэн нь чацган дээрээ үлдэх вэ гэж хаширлалгүйгээр үлдсэн хоёр жилд улстөржилгүй ажлаа л хийх хэрэгтэй юм. Тэгэхээр л ард түмэнд одоо манан ч хэрэгтэй байна, эвтэй байхдаа хүчтэйгээ ч харуулах хэрэгтэй болоод байна.
Ер нь эрх баригч, сөрөг хүчин гэлтгүй аль аль улстөрийн хүчин нь ард түмнийхээ өмнө үүрэг хариуцлагаа хүлээдэг. Тиймээс тэд гуйх гутамшиг, гуйлгах гайхамшиг гэдгээ орхиж ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа л бодох цаг ирээд байна.
Н.Умард
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ