Б.Хурц хоёр тэрбумаар үнэлэгдэх байгууламжтай

Манай сайт УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн агентлаг, газруудын дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлгээс цувралаар хүргэж байгаа билээ.

Энэ удаад томоохон төрийн байгуулагуудын дарга нарын ХОМ-ээс цухас дурдая.

МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугарын жилийн орлого нь 4 сая 926 мянга. Тэрбээр хувийн хоёр байртай бөгөөд Toyota Prado унадаг. Медиахолдинг ХХК-иас 205 сая 660 мянган төгрөгийн зээл авчээ. Харин Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалын жилийн орлого нь 25 сая 814 мянга. Тэрбээр 210 саяар үнэлэгдэх хувийн нэг байртай бөгөөд Худалдаа хөгжлийн банк болон Хаан банкнаас 16 сая төгрөгийн зээл авсан байна. Харин хувь хүнээс 700 сая төгрөгийн авлагатай хэмээн хөрөнгө орлогоо мэдүүлжээ.

Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболдын жилийн орлого нь 34 сая 244 мянга гэж мэдүүлжээ. Тэрбээр хувийн гурван байртай бөгөөд үүнээс гадна гурван барилга байгууламжтай. Хас банк болон хувь хүнээс 73 сая 500 мянган төгрөгийн зээл авчээ. Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны даргаар ажиллаж байгаад “хэдэн улсын хил дамжуулан хууль бусаар хүн хулгайлсан” гэх шалтгаанаар баривчлагдаж байсан АТГ-ийн дэд дарга Б.Хурцын жилийн орлого 101 сая 654 мянга бөгөөд түүний гэр бүлийн гишүүдийн орлого нь 632 сая 400 мянга. Хоёр тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгдэх долоон барилга байгууламжтай бөгөөд зургаан үхэртэй хэмээн мэдүүлжээ.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгийн жилийн орлого нь 33 сая. Хувийн хоёр байртай тэрбээр таван саяар үнэлэгдэх Ssang Yong маркын машин унадаг. Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогийн жилийн орлого нь 17 сая 447 мянга. Хувийн хоёр байртай бөгөөд Toyota Land Cruiser 105 болон Honda CRV хөлөглөдөг.

Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгтийн жилийн орлого нь 10 сая. Хувийн хоёр байртай бөгөөд бас хоёр ч барилга байгууламжтай тэрбээр "Их үйлсийн эрэлд" ХХК-иас 143 сая төгрөгийн зээл авчээ. Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Ганбатын жилийн орлого 9 сая 364 мянга бөгөөд гэр бүлийн гишүүдийн орлого нь нэг тэрбум 288 сая 988 мянга. Хаан банкнаас 580 сая төгрөгийн зээл авсан бөгөөд хоёр ч тусгай зөвшөөрөл эзэмшдэг.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын дарга О.Магнайгийн жилийн орлого нь 3 сая 111 мянга. Тэрбээр нэг тэрбум 126 саяар үнэлэгдэх гурван хувийн байр болон гурван барилга байгууламжтай. Toyota Land Cruiser 200, BMW Z4, Toyota, 4Runner зэрэг гурван машин унадаг. Харин сүүлийн үед нэлээдгүй чичлүүлээд байгаа Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяагийн жилийн орлого нь 10 сая 731 мянга бөгөөд 19 тэрбум 435 сая 650 мянгаар үнэлэгдэх нэг байр, найман үйлдвэрлэл үйлчилгээний төв, дөрвөн барилга байгууламжтай аж. Тусгай зөвшөөрөл гурав, нэг эрх эзэмшдэг.

Харин Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн жилийн орлого нь 47 сая 715 мянга бөгөөд 100 саяар үнэлэгдэх нэг байртай. Мөн “Халгиа” ХХК-н 12 хувийг эзэмшдэг.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ