Ц.Шаравдорж: Мэргэжлийн бус сайд томиллоо гэвэл бүх намд яригдах асуудал

МАХН-ын Нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийг МАХН-аас гарах өргөдлөө өгөх гэж байгаа талаар мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар болон цаг үеийн асуудлаар Нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржтой ярилцлаа.

-Таныг МАХН-аас гарах өргөдлөө өгөх гэж байгаа гэсэн. Энэ хэр үнэн бодит мэдээлэл вэ?

-Намайг намаасаа гарах өргөдлөө өгнө гэх мэдээлэлд итгэх хүмүүс ховор байх гэж би бодож байна. Би өөрийн итгэл найдвар үнэмшлээр энэ намд ирсэн. Тодорхой хэмжээнд төрд алба хааж байгаа ирсэн хүн.

-Тэгвэл ямар учраас ийм мэдээлэл цацагдсан юм бол. Танай намаас энэ мэдээлэл цацагдсан байх талтай?

-Магадгүй. Хэрэв үнэн бол хэн ийм мэдээлэл тарааж болохыг би таамаглаж байна. Цаашлаад МАХН-ыг эвсэлд оруулахгүй байх, орсон ч үйл ажиллагааг нь хязгаартай байлгах, бүр МАХН-тай тоглолт хийх гэсэн тодорхой хүчнүүд ажиллаад байгаа харагдаж байна. Тодруулбал, МАХН-ыг аль болох эв, түнжингүй байлгахын төлөө, энэ намд ажиллаж байгаа, энэ намын төлөө гэсэн сэтгэлтэй гишүүд, дэмжигчдийн дунд яс хаях гэсэн бодлого зориуд зохион байгуулж байгаа нь харамсалтай.

-Таныг бас намынхаа эсрэг ажилласан, дотоод журам зөрчсөн учраас хөөнө гэх мэдээлэл ч байсан?

-Би МАХН-д өнгөрсөн нэгдүгээр сард гишүүнчлэлээ сэргээж орж ирсэн. Энэ цагаас хойш хамт олонтойгоо эвтэй л байна. Бидний дунд ямар нэгэн ам зөрөлдсөн маргаантай зүйл байхгүй. Мэдээж ажил төрлийн асуудлаас болж ам зөрөлдөх үе байлгүй яахав. Гэхдээ бидний дунд ямар нэгэн том асуудал байхгүй. Бид байдгаараа ажлуудаа хийгээд байцгааж байна. Өчигдөр л гэхэд намын Гүйцэтгэх товчооны хуралд оролцож, намынхаа дотоод ажил амьдралын асуудлыг хэлэлцээд л байж байна.

-Товчооны хурлаар ямар асуудал хэлэлцэв?

-Шинээр томилогдож байгаа хоёр сайддаа тодорхой зөвлөмжүүд өглөө. Сайд нартайгаа хэрхэн ажиллах гээд л цэвэр намтай холбоотой асуудал яригдсан. Мэдээж шинэ сайдуудын хувьд намаа төлөөлөн ажиллах учраас бид сайд ажиллахыг шаардана. Бас зөвлөсөн байгаа. Удахгүй дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар, агентлагуудын дарга нарын тухай асуудал яригдана. Энэ үед МАХН-ын байр суурийг зөв илэрхийлж, өөрийн хүмүүсийг зохих шаардлагатай газар ажиллуулахын төлөө ажлаа сайн хийх талаар ч ярилцсан.

-Хэдэн дэд сайдын суудал авна гэж бодож байгаа вэ?

-Энэ талаар ярилцсан зүйл одоогоор алга. Зарим хэвлэлээр гарч байгаа мэдээллийг харахад АН, МАН хэлэлцээ хийгээд дэд сайдуудынхаа нэрийг тодруулсан байна. Нэгэнт манай нам Засгийн газрын нэг субьект болж ажиллаж байгаагийн хувьд “Шударга ёс” эвсэл түүний дотор МАХН-тай яриа хэлэлцээ хийгдэх ёстой. Одоогоор чимээгүй л байна. Ойрын хугацаанд хийгдвэд бид хуучин байсан орон тоогоо авч үлдэх, болж өгвөл нэмж орон тоо олохыг бодно. Мэдээж энэ асуудалд МАХН-ын удирдлагууд анхаарч ажиллах байх.

-Танай намаас шинээр томилогдсон хоёр сайдын тухайд мэргэжлийн бус хүмүүс гэж нэлээн шүүмжлэл дагуулж байна?

-МАХН Батлан хамгаалах яам болон Эрүүл мэндийн сайдад тавигдах хүмүүсээ санал хураалтаар шийдсэн. Тиймээс бид энэ хүмүүсийг ажиллуулах ёстой. Нэгэнт намын нэрийн өмнөөс ажиллаж байгаа болохоор Батлан хамгаалах болон Эрүүл мэндийн яамыг удирдан чиглүүлж, үйл ажиллагааг нь зөв голдрилоор нь явуулах, тухайн салбарын өмнө тавигдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө манай сайдууд хүчээ дайчлан ажиллах ёстой. Үүнийг бид шаардана, шахна.

-Мэргэжлийн бус гэсэн шүүмжлэлийн тухайд?

-Хэрвээ мэргэжлийн бус хүн сайдаар томиллоо гэвэл энэ зөвхөн манай намд бус бүх намд яригдах асуудал. Жишээ нь ХААЯ-ыг Р.Бурмаа, БОНХЯ-ыг Д.Оюунхорол даргалахаар болж байна шүү дээ. Уг нь мэргэжлийн Засгийн газар ажиллуулна гэсэн ч мэргэжлийн бус байна. Дан дээлтэй сайдууд ажиллуулна гэсэн ч давхар дээлтэй сайдууд байна. Ингээд ярихаар өмнө нь яригдаж байсан зүйлс биелэлээ олоогүй байна. УИХ-д ам, ажил зөрөхийг алийг тэр гэхэв.

-Шинэ сайдуудаа томилоход МАХН-ын дарга Н.Энхбаяр санал болгосон уу?

-Дэмжсэн. Шинэ сайдуудын тухай Н.Энхбаяр даргатай би тусгайлан ярилцаагүй.

-Таны нэр Шадар сайдад хүчтэй яригдаж байсан?

-Миний нэр уг нь нэг их яригдаагүй. Хэвлэл мэдээллээр л намайг Шадар сайд болно гэж баахан рекламдах шиг боллоо. Миний нэр хүнд ч сайн өслөө.

-Тэгвэл одоо ямар нэг албан тушаалд томилогдох уу?

-Ямар нэгэн албан тушаалд очих асуудал байхгүй. Одоо улстөрчид ямар нэг өндөр албан тушаалын төлөө тэмцдэг цаг үе биш. Энэ намыг улс төрийн оройн зайд жинхэнэ нам байлгахын төлөө л намынхаа журмын нөхөдтэй хамтран ажиллаж байна. Түүнээс биш надад албан тушаал сонин биш.

-Хамтарсан Засгийн газрын тухайд та юу гэж бодож байна?

-Монгол Улсын түүхэнд байгаагүй “Бүдүүн” засгийн газар байгуулагдлаа. Шийдлийн Засгийн газар гэх сайхан нэрийдлээр урд хожид байгаагүй бүдүүн засгийн газар бий болсон гэж харж байна. Хамгийн гол нь Засгийн газрын үйл ажиллагаанд бодит шүүмжлэл тавих сөрөг хүчин байхгүй болсон нь хамгийн том аюул. Тэгэхээр МАХН-ын байр суурь хэдийгээр хоёр сайд томилогдсон боловч хэлсэн амласан болгоноо биелүүлж байвал бид шинэ засгийн газрыг дэмжинэ. Харин муу ажиллавал ард түмнийхээ талд байна. Өөрөөр хэлбэл, Сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэхээс өөр аргагүйд хүрнэ. Гэхдээ Шийдлийн Засгийн газарт ард түмэн итгэж байгаа болохоор бид бас итгэж байна. Шийдлийн Засгийн газар бүрдээд ажлаа эхлүүлж байна. Засгийн газрын үйл ажиллагаа сайн байгаасай гэсэн үүднээс мөн ард түмний амьдралыг дээшлүүлэх, улс орны эдийн засгийг хүнд байдлаас гаргах, хямралт байдлаас гаргахын төлөө Эвслийн Засгийн газар байгуулагдахаар болсон. Өөрөөр хэлбэл, МАХН улсад хүч нэмэхээр хамтарсан засгийн газарт орсон.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ