Чингэлтэй дүүргийн АХ иргэдэд 500 мянган төгрөгийн тусламж үзүүлжээ

Монгол Улсад Ардчилсан хувьсгал ялсны 25 жилийн ойн баярын хүрээнд олон олон арга хэмжээг зохион байгуулж, өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ. Тухайлбал, нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ардчилсан холбооноос зохион байгуулсан баярын хурлыг энд онцолж байна. Ийн онцлохын учир нь уг арга хэмжээний үеэр ард түмний сэтгэлд хүрсэн олон үйл явдал болсон юм.

Хуралдаан “Хонхы дуу”-гаар эхэлсэн ба хурлыг нээж тус дүүргийн АХ-ны дарга Д.Алтанхуяг үг хэлэв. Тэрээр хуралдаанд уригдан ирсэн зочид төлөөлөгчдөд болон нийт гишүүд, дэмжигчдэд хандан ойн баярын мэндчилгээг дэвшүүлж, ерөөл өргөсөн юм. Түүнчлэн, өөрийн хэлсэн үгэндээ Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн ойн баярын мэндчилгээнээс иш татсан бөгөөд тэрхүү үгийг монголчуудад, гишүүд, дэмжигчиддээ өгсөн Монгол төрийн даалгавар хэмээн ойлгож байгаа гэдгээ илэрхийллээ.

Тэрээр цааш хэлэхдээ “Бид зорьж байгаа, бий болгох гэж байгаа тэр нийгмээ жинхэнэ утгаар нь бий болгоход МоАХ-ны гишүүд, тэр дотроо Чингэлтэй дүүргийн АХ-ны гишүүд та бүгдийн байгуулсан гавъяа зүтгэл, үүрэг хариуцлага хамгийн чухал билээ. Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн болон ирж амжаагүй нийт гишүүд, дэмжигчиддээ Монгол улсын ардчилсан хувьсгалд оруулсан тэр түүхэн гавъяаг МоАХ, Монголын төр, Монголын ард түмэн хэзээ ч үгүйсгэж чадахгүй, мөн хэзээ ч мартахгүй гэдгийг энэ индэр дээрээс би хэлж байгаадаа баяртай байна. Монгол Улсад ардчилалыг бий болгоход оруулсан тэр том гавъяаг дэлхий нийт хүлээн зөвшөөрч байгааг энд цохон тэмдэглэхэд бас таатай байна. Ардчилалын төлөө өөрсдийн амь нас, эрүүл мэнд, ажил төрөл, бүх юмаа зориулан тууштай тэмцэж ирсэн та бүхэндээ болон та бүхний гэр бүлд Монгол улсад Ардчилсан хувьсгал үүссэний 25 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Баярлалаа” гэв.

Энэхүү баярын хурлын үеэр МоАХ-нд 25 гишүүн шинээр элсэн орж, үнэмлэхээ гардан авсан юм. Мөн арга хэмжээний хүрээнд олон гишүүд, дэмжигчдийг шагнаж, урамшуулсан ба амьжиргааны түвшин доогуур арваад хүнд 500 мянган төгрөгийн мөнгөн тусламж өгсөн бол хоёр хүнд таван ханатай иж бүрэн гэр бэлэглэсэн билээ. Энэ нь нүдээ олсон арга хэмжээ болж чадсан талаар хуралдаанд оролцогсод сайшаан ярилцаж байсан юм.

Ийнхүү энд хуран цугласан олонд зориулан мөн урлагийнхан ая дууны мэндчилгээ өргөн барьж баяр дээр баяр нэмж, сэтгэл баясгасан, гэнэтийн бэлгээр дүүрэн арга хэмжээ болж өнгөрлөө.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ