Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдав

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн С.Баярцогт төсвийн тухай хуулиудад тодотгол хийх болсон үндэслэл, шаардлага, тодотгож буй эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаар танилцуулав.
Төсвийн тодотгол хийхдээ Засгийн газрын бүтцийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор өөрчлөлтийг тусгах, 2013 оны төсвийн жилд батлагдсан боловч тухайн жилдээ санхүүжигдэж чадаагүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийн векселийн төлбөрт шаардагдах хөрөнгийг холбогдох Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөвт нэмж тусгах, 2014 онд ашиглах боломжгүй хөрөнгө оруулалтын бэлтгэл ажил, зураг төсөл боловсруулах ажлын зардлыг бууруулан тооцох, төрийн албан хаагчдын цалинг инфляцын түвшинтэй уялдуулан ялгавартай, үе шаттай нэмэгдүүлж байгаатай холбогдон төсөвт зохих өөрчлөлтийг тусгах, Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн багцаас хэмнэх боломжтой зардлыг бууруулж тооцох зэрэг зарчмыг баримталсан гэдгийг тэрээр танилцуулгадаа дурдав.
Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээлийн эргэн төлөлттэй холбогдуулан тус сангийн дотоод эх үүсвэрээс олгох зээлийг 25,0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр 2014 оны тодотголын төсөлд тусгасан нь шинээр байгуулагдсан Аж үйлдвэрийн сайдын багцад байхгүй байгааг тодруулав.
Ингээд дээрх хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжиж, энэ тухайсанал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд уламжлахаар болов
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ