Ерөнхий сайдтай санал нийлж байна уу

{!!!right!!!}Хүмүүс зүтгэж зүтгэж, хүсэж байсан ажлын байрандаа очмогц бодож байсан шиг аятайхан биш, тун ч эвгүй яадаг бол доо гэсэн мэдрэмж төрдөг тухай ярьдаг. Тэгвэл ерөнхий сайд УИХ-ын чуулганд хэлсэн үгээрээ яг ийм мэдрэмжээ бусадтай хуваалцав.

Бид хямрал хэмээгч хар ангалын ёроолд нь хүртэл унаагүй, энэ чигээрээ удвал ёроолд нь ойрхон байгааг тэр анхааруулав. Гэхдээ тэр итгэлээ бас ч гэж гээж орхиогүй аж. Тэр монгол хүний цөлх ухаанд, эх орныхоо тэнгэр хувь заяанд итгэж байгаа аж.

Өнөөгийн Монгол Улсын санхүү, эдийн засгийн байдал ямар байгааг тэр товчхон үзүүлэлтээр тодорхой дүгнэж яаралтай, зоримог арга хэмжээ авахыг уриалж байна. Уриалахаас гадна тэрээр өөрийн хийх гэж буй, хэрэгжүүлэх гэж байгаа ажлуудаасаа битүүхэн ч атугай зарлаж байна.

Юуны өмнө байгуулагдаад ес хонож байгаа засгийн газрын гаргасан гурван шийдвэрийг тэрээр онцлов. Хуучин ССАЖЯ, Цөмийн энергийн газрын суларсан байр руу ЗТЯ-ыг нүүлгэж, Энхтайвны гүүрний доорхи гаднаа зогсоолтой том байрыг хүүхдийн шинэ эмнэлэг болгохоор болсон, оффисийн зориулалтаар ашиглахаар төлөвлөсөн Төрийн ордны ар дахь шинэ барилгын зориулалтыг өөрчилж шинэ эмнэлэг байгуулах ажлыг судлан хэрэгжүүлэхийг Хуульзүйн сайдад үүрэг болгосон, Яармагийн дэнжид сүүлийн хэдэн жил дараалан эзэнгүй, балгас болон хувирсан, төсвөөс дахин арав хорин тэрбум төгрөг нэхэж байгаа эмнэлгийн дуусаагүй барилгыг хувийн компаниар концессоор дуусган цаашид хувийн менежментээр, зориулалтаар нь эх нялхсын болон нэгдсэн шинэ эмнэлгийг байгуулах зохих шийдвэрүүд гаргахаар ажиллаж байгаа зэргийг тэрээр дурдаж шинэ зуун гараад нэг ч шинэ эмнэлэг барьж чадаагүй байгаа бидэнд гурван ч шинэ эмнэлэгтэй болох бололцоо ийнхүү гарч байна хэмээн тайлбарласан юм.

Төр засаг нь бий болоод байгаа нөхцөл байдлыг зөв үнэлэн алдаатай бодлогоо хүлээн зөвшөөрч ард иргэд нь ч амьдрал ахуй хичнээн хүнд байгаа ч тэсэж тэвчиж болох хэсэгхэн цаг хугацаанд үүсээд байгааг тэрээр анхааруулж байна.

Өмнөх ерөнхий сайдуудын байнга л ярьдаг нэг асуудал байдаг. Тэрний засгийн газар ингээд, тэдний кабинет тэгээд хэмээн баастай нь хутгалдаж цэвэрлэж яваа тухайгаа гомдоллодог тогтсон жишгийг залуу сайд эвдэж чадсан нь олны талархлыг нэлээд хүлээж байгааг олон нийтийн сүлжээ сайтуудаас ажиглаж болно.

Энд нэг хоёр Засгийн газар, хуруу дарам хэдхэн улс төрчдийг чичлэх гэвэл дахиад л буруу зам руугаа орно. Бид 25-хан жилийн хугацаанд бусад улсуудын хоёр, гурван зуун жилийн түүхийг, бас түүний алдаа оноог нь товчилж, монтажилж яваа ард түмээн. Парламентын зургаахан сонгуулийн ард гарсан хэдий ч сонгууль бүрийн үр дүн нь байж болох бүх хувилбараар биднийг туршин, бид жинхэнэ утгаараа шалгуур бүрээр нь шүүлтэд орж, сонгуулиас сонгуульд хэрсүүжиж л явна.

Ер нь Ерөнхий сайдын хэлсэн үгнээс олон ч зүйлс иргэдийн анхаарлыг татаж, ярих сэдэв болсныг бид өнөөдөр харж байна. Оюутны 70 мянга, нэг жил шинэ барилгагүй тэвчье, төрийн албан хаагчийн тэтгэвэрт гарах хугацаа, малын хөлийн татвар, мэргэжлийн хяналт, нийгмийн даатгал, татварын байцаагч нар, улсын бүртгэл, халамжийн ажилтан нар дүрэмт хувцас өмсөж бизнес эрхлэгчдийн хаалгыг өшиглөсөөр байгаа тухай, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг нэгтгэн зохион байгуулах, тэдгээрийг их сургуулиудтай холбох, харъяалалд нь шилжүүлэх, нэг тонн ч болтугай алт хэрэгтэй байхад уурхайд нэг ч очиж үзээгүй улстөрч Байнгын хорооны хурал дээр худлаа хашгичиж тас цохидог тухай олныг өгүүлэв.

Энэ болгон нь сэдэв сэдвээрээ, салбар салбараараа фэйсбүүк, твиттерийн хэрэглэгчдийг жинхэнэ утгаар нь талцуулж байна. Үнэхээр Ч.Сайханбилэгийн хэлснээр дэлхийн тэрбумтнуудаас илүү олон мянгат малчинтай болох гэж байна уу, бид. Тэр даварсан малчдаас төр нь өгдгөө больж авдгаа авах тухай бодлого зөв үү гэх мэтчилэн бодох ярих зүйл ч зөндөө.

Харин уншигч та түүнтэй санал нийлж байна уу.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ