Байнгын хороодын дарга нарын асуудлыг шийдвэрлэлээ

УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, байнгын хорооны дарга томилох асуудлыг хэлэлцлээ. Төсвийн байнгын хороог УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн удирдаж байсан билээ. Тэрээр Засгийн газраас оруулж ирэх 2015 оны төсвийн тодотголын үзэл баримтлалтай зарчим нийцэхгүй гэж үзэн, чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан юм. Үүнийг нь байнгын хорооны гишүүд хүлээн авч, Ардчилсан намаас түүний оронд УИХ-ын гишүүн Б.Болорыг нэр дэвшүүллээ. Гишүүд түүнийг байнгын хорооны даргад дэмжлээ.
Мөн УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар тус Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Су.Батболдын нэрийг дэвшүүлснийг УИХ-ын гишүүн О.Содбилэг танилцууллаа. Нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Ингээд Су.Батболдыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.
Түүнчлэн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурлаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлыг Ардчилсан намын бүлгийн хурлаар хэлэлцэж Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогтыг улируулан сонгохыг дэмжсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцуулсан. Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүд гараагүй тул Д.Батцогтыг Байнгын хорооны даргаар улируулан сонгохыг дэмжсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувиар дэмжив.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ