Биднийг хүлээж байгаа 2015 он

Энэ онд монгол хүн бүхний итгэл найдвар тавин хүсэн хүлээж буй ганц л зүйл байгаа. Тэр бол эдийн засгийн хямралаас гарах, ард иргэдийн амьжиргаа дээшлэх явдал яах аргагүй мөн. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, томоохон төслүүд гацаанаас гарч улмаар долларын ханшийн өсөлт хумигдсанаар эдийн засаг сэргэх юм.
Тэгвэл 2015 онд монголчуудын хүсэн хүлээж буй эдийн засгийн сэргэлтээс гадна биднийг олон үйл явдал хүлээж байгаа. Спортын салбарт л гэхэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Шийдлийн засгийн газрын батласанчлан 2015 онд олон улсын зэрэглэлтэй 14 томоохон тэмцээн, уралдаан Монгол Улсад зохиогдох юм.
Үүнээс гадна өнгөрсөн онд гадаад харилцаагаа хүчтэй өргөжүүлсэний үр дүн болох AСEM-ын уулзалтад бүтэн жил бэлтгэх хариуцлага оногдож байгаа. Ази-Европын 11 дэх дээд түвшний уулзалтыг зохион байгуулах эрх авсантай холбогдуулан их бүтээн байгуулалтын ажил өрнөх юм.2016 онд бид улсынхаа түүхэнд анх удаагаа ийм том хэмжээний олон улсын чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулах нь нэр төрийн хэрэг тул энэ онд бэлтгэл ажлаа бүрэн дүүрэн хангах нь чухал.
Ази-Европын уулзалт буюу Asia-Europe Meeting нь /ASEM/ Европын Холбооны 28 гишүүн орон, Европын 2 орон, Азийн 21 орон, Европын холбоо, АСЕАН-ы Нарийн бичгийн дарга нарын газар гэсэн 53 улс, байгууллагыг нэгтгэж буй томоохон механизм. Уг уулзалтын хүрээг тодорхойлбол дэлхийн нийт худалдааны 60 гаруй хувийг эзэлж байна. 2016 онд АСЕМ-ийн 20 жилийн ой давхцаж байгаагаараа илүү ач холбогдолтой, онцлог болох юм. Тиймээс тус арга хэмжээг зохион байгуулахад төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, олон нийтийн оролцоо, харилцан уялдааг хангах нь чухал юм.
Төсөвт суулгасан мөнгөний тоо хэмжээ ёсоор энэ онд олон сургууль, цэцэрлэг хэд хэдэн эмнэлэг, түүний дотор Түлэнхий төв эмнэлэг гэх мэтээр бүтээн байгуулалт, барилгажилтын ажил олноор өрнөх юм.
Үүнээс гадна олон нийтийн анхаарал тавин хүлээж байгаа асуудал бол Шийдлийн засгийн газар байгуулагдмагц Тавантолгойн хөрөнгө оруулагчдыг шийдсэн явдал цаашид яаж өрнөх тухай. Нэгэнт шалгарсан Япон, Хятадын консорциум Засгийн газартай яаж яаж ажиллахыг ирэх өдрүүдэд тусгай комисс байгуулан шийдэх юм. Эндээс гарах шийдэл Тавантолгой хэмээх манай улсын аварга том баялгийн авдрыг задлах эсэхийг шийдэх тул монголчууд 2015 амьсгаа даран хүлээх нь дамжиггүй. Тавантолгойн асуудал нааштай шийдэгдэж асар том бүтээн байгуулалтууд эхэлбэл эдийн засгийн сэргэлтэд томоохон нөлөө үзүүлэх юм. Тэгж гэмээ нь хямрал хэмээх ёроол нь ойрхон байгаа ангалаас биднийг суга татан гаргах нь ч дамжиггүй.
Тавантолгойтой холбоотой өөр ч томоохон бүтээн байгуулалтууд өрнөх нь тодорхой болсон. “Эрдэнэс-Тавантолгой” компанийнхан Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нүүрсний хий боловсруулах туршилтын үйлдвэр барихаар болсон. Газрын гүний 700 метрээс доош нүүрсний давхаргад өндөр чанартай хий хуримтлагдсан байгааг тогтоогоод байгаа.
Уг боловсруулах туршилтын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг БНСУ-д угсарч байгаа бөгөөд ирэх оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулах гэнэ. Төслийг Солонгосын “Korea Gas Corporation” болон Монголын өрөмдлөгийн “Элгэн” компанитай хамтран хэрэгжүүлэх юм. Гурван тал өнгөрсөн оны гуравдугаар сарын 24-ний өдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Монгол Улсад анх удаа нүүрсний давхаргын метан хийг боловсруулах үйлдвэр байгуулахаар ажилдаа оржээ.
Ингээд нийтлэлийнхээ төгсгөлд дээр дурдсан 2015 онд манай улсад зохион байгуулагдах олон улсын хэмжээний 14 тэмцээн, уралдааны жагсаалтыг сонордуулая. Эдгээр нэр хүндтэй тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулснаар улс орноо сурталчлахаас гадна Үндэсний шигшээ багийн тамирчид олимпийн эрх авах, дэлхийд чансаагаараа тэргүүлж буй өндөр зэрэглэлийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж туршлага хуримтлуулах ач холбогдолтой юм.
1. Нисэх загварын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
2. “Чингис хаан 2015” Гран-При тэмцээн
3. Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-При тэмцээн
4. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн
5. Туялзуур сэлэмний Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн
6. Хөлбөмбөгийн “Аsian cup-2015” Азийн цомын тэмцээн
7. Волейболын эрэгтэйчүүдийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн
8. Чөлөөт бөхийн "Mongolian open" тэмцээн
9. Тэшүүрийн "Mongolian open" тэмцээн
10. Софт теннисний “Mongolian open” тэмцээн
11. Практик буудлагын “Mongolian open-2015” тэмцээн
12. “Улаанбаатар марафон-2015" олон улсын гүйлт
13. Монгол туургатан бөхийн барилдаан
14. Олон улсын Ахмадын спортын наадам
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ