Ерөнхий сайдын утас мессежд дарагдсан шалтгаан

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улс орны амьдралыг өөд нь татах том ачаа нуруундаа үүрсэн хүн. Завгүй ерөнхий сайд маань харин гар утсандаа ирсэн мессежийг анзаардаг болов уу. Хэрэв анзаарч хардаг бол түүний утсыг булаастай мессежүүд ээжүүдийн эсэргүүцэл болохыг мэдсэн бизээ.

Учир юун гэвээс 2015 оны төсвийн тодотголд хүүхдийн болон жирэмсэн эхчүүдийн тэтгэмжийг танах тухай тусгасан явдал. Улстөрийн хямралаас үүдэлтэй эдийн засгийн уналт улс оронд хүнд хүчир өдрүүдийг авчирсан.

Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, ажилгүйчүүдийн тоо өссөн, тэр хэрээрээ ажилтай орлоготой монголчуудын тоо цөөрч, нийгмийн бухимдал хэрээс хэтэрч, олон аймшигтай гэмт хэргийн мэдээлэл ар араасаа хөврөх болсон өнөө цагт ээжүүдийн бухимдал дургүйцэл төрөх нь ч аргагүй бизээ.

Интернэтээр эх, хүүхдийн мөнгийг хасах болсон мэдээллийг дуу нэгтэй шүүмжилж, тэгээд ч зогссонгүй ерөнхий сайдын дугаарыг нийтэд зарлачихаж.

Хэмнэлт, таналтын горимд улс нийтээрээ шилжиж бүсээ чангалж байж энэ хямралыг даван гарна гэдгийг хүн бүр ойлгож байгаа, тэгээд ч энэ асуудалд Ерөнхий сайдын буруу ч байхгүй, бухимдсан ээжүүд ч буруугүй гэдгийг бид мэднэ.

Юу буруутай вэ гэвэл улс төрийн намуудын ард түмнийхээ эмзэг сэдэв дээр дөрөөлсөн хийрхэж, хөөрсөн хоосон амлалтууд л буруутай. Улсын санд мөнгөтэй, алттай байх үед засгийн эрхийг авах гэсэн нам хүчнүүд нэг нэгээсээ илүү гарахын тулд алсыг харалгүй асар их тэтгэмж, мөнгө төгрөг амласнаар энэ бүхний үндэс суурь тавигдсан.

Одоо улс орон хүнд хэцүү цаг үед эргээд улстөрчид популист амлалтдаа ийнхүү ороогдож байгаа нь энэ юм.

Энэ онд 7.1 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлнэ хэмээн төсөвлөсөн нь эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд биелшгүй мөрөөдөл. Засгийн газар төсвийн орлогыг хүлээгдэж буй үр дүнгээс 905.6 тэрбум төгрөгөөр бууруулж, үүндээ уялдуулан зардлаа танах Төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа эхчүүд хүүхдүүдийн халаасыг сэгсэрч эхэлсэн нь харамсалтай.Үүний араас ямар эрсдэл дагуулж, ямархуу бодлогын ухралт хийгдэж байгааг эрх баригчид мэдсэн л баймаар.

Монгол Улсад өрх толгойлсон эхчүүд олон, мөн тийм биш хэдий ч орон гэрээ авч явж байгаа гадаа гарч эр, гэрт орж эм болж байгаа эмэгтэйчүүд олон. Тэдний нуруун дээр оногдсон хүнд ачааг төр засаг улам хүнд болгож байгаа юм.

Мөн үүний зэрэгцээ жирэмсэн эхчүүдийн мөнгө хасагдсанаар манай улс бүх л улсын хөгжлийн гол хүчин зүйл болж байдаг хүн амын өсөлт, түүнийг хурдасгах бодлогодоо ухралт хийж байгаагаас ялгаагүй.

Ийнхүү УИХ-ын чуулганаар энэ оны бүсээ хэрхэн чангалах, хэмнэх, танах асуудлыг хэлэцэж буй шалтгаанаар жирэмсэн болон одонтой эхчүүдийн тэтгэмжийг олгох, энэ тухай материал шинээр хүлээж авахаа зогсоосон байна. ­­

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ