Шийдлээ олдоггүй засгийн газар

Ерөнхий сайд өчигдөр МҮОНТ-д ярилцлага өгснийг олон нийт анхааралдаа авлаа. Тэрээр ярилцлагадаа монголчуудад нэгдүгээрт том төслүүдээ ажил хэрэг болгох, хоёрдугаарт хэрэглээгээ танах ийм хоёр зам байгаа тухай онцолж ард түмнээсээ асууя хэмээсэн нь олны анхаарлыг татаад байна. Шийдлийн Засгийн газрын тэргүүн энэ үгээрээ цаашдын явах замаа олж хараагүй, шийдлээ гаргаж чадаагүй өдийг хүрлээ гэдгээ харууллаа.
Түүний хэлсэн үгэнд цалин тэтгэвэр тэтгэмжийг ад үзсэн, танаж хэмнэхийн тулд нийгмийн аль нэг бүлгийг хохироож мэдэх үнэр ханхийж байв. Үнэхээр нийт төсвийн 60 хувийг эзлээд байгаа тэтгэвэр, тэтгэмж, халамжаа багасгахыг хүсээд байгаа бол өөрийн зөвлөх нараасаа өнөөх л арван хуруунд багтахгүй дэд сайдуудаасаа, тоог нь нэмсэн яамдуудаасаа цөөлөх хэрэгтэй гэдгийг нэг л ухаарахгүй байгаа мэт.
Жишээ нь орон сууцтай, автомашинтай айлууд амьдралд нь 20 мянган төгрөг зайлшгүй шаардлагатай байгаа өрхтэй зэрэгцэх нь буруу гэлээ. Автомашинтай байж болно, байртай байж болно. Тэгвэл тэр хүмүүс өртэй зээлтэй, лизингтэй байгаа. Хүн бүр л байр, машинтай бусдын адил мөр бүтэн амьдрахыг хүсэлгүй л яахав. Харамсалтай нь энэ хүслээр нь төрийн бодлогоор гадуурхаж байр, машиныхаа лизингийг арай ядан төлж яваа залуу өрхийн хүүхдээс мөнгийг нь булаана гэдэг нь нэг л санаанд багтамгүй.
Шийдлийн Засгийн газар байгуулагдаад хоёр сар болсон ч шийдвэрлэх ёстой, шийдлийг нь олох хэрэгтэй олон асуудал бахь байдгаараа гэдгийг ерөнхий сайдын үг батлаж байгаа юм. Энэ суудалд тэмүүлж, зүтгэж өмнөх засгаа унаган байж гарч ирсэн нөхөд аль хэдийнэ хийдгээ хийгээд л явмаар.
Экс ерөнхий сайд эргэн ирэхдээ зангарагтай үг хэлж Ч.Сайханбилэгийг "зад загнасан"-тай зэрэгцэн нээрээ л эдийн засгийн хямрал биш популизм монголчуудаар тоглоод байгаа юм биш биз гэсэн хардлага олон хүний дотор орсон нь мэдээж.
Ч.Сайханбилэгийн Засгийн газрын анхны шийдвэрүүд нь аанай л массын талархлыг хүртэх гэсэн популист шийдвэрүүд байсан нь хэний ч нүдэнд илт. Эмнэлгийг оффис болгох гэж олны хараалыг барж байсан Х.Тэмүүжингийн жишээгээр оффисыг эмнэлэг болговол магтаалд булагдана хэмээн тэр тооцсон биз. Харамсалтай нь олон жил болж хуучирсан барилга, эхнээсээ л эмнэлгийн тоноглол, эмнэлэгт тусгайлан зориулсан зураг төслөөр бариагүй барилга ийм шийдвэрт тохирохгүй болохыг мэргэжилтнүүд сануулсаар ирсэн.
Тэгвэл Н.Алтанхуягийг амнаасаа болж "алгадуулдаг" гэх шүүмжлэл Ч.Сайханбилэгт ч мөн тохирохыг бид харлаа. Тодруулбал, тэрээр эдийн засаг элгээрээ мөлхөж, улс орон, дампуурах гэж байна гэсэн утгатай хариуцлагагүй мэдэгдлийг чуулганы индэр дээрээс хэлснээр түүний хэлсэн үгэн дээр үндэслээд Хятадын Синьхуа агентлаг “Монголын эдийн засаг 2017 онд дампуурна” гэсэн мэдээллийг цацсан. Бусад орнууд ч ийм таамаглалтай болж, ийм л нүдээр биднийг харж эхэллээ.
Ардчилсан Ерөнхийлөгч нь гадаадын аль томоохон уулзалт, чуулганд оролцож улс орныхоо нэр нүүрийг өргөх гэж, эдийн засгийн чадамжийг дээшлүүлэх хамгийн гол үзүүлэлт болох хөрөнгө оруулалтыг дээшлүүлэх гэж явахад Гүйцэтгэх засаглалын тэргүүнийх нь хэлж байгаа үг тэр.
Ерөнхий сайд нь улсынхаа эдийг засгийг хямарсныг зарлаж буй нь аль ч талаас нь харсан олон улсад албаны мэдэгдэл болох нь тодорхой. Дэлхийн аль ч оронд өөрийн улсыг дампуурсаныг зарладаг Ерөнхий сайд байхгүй. Хүндэрсэн ч Ерөнхий сайд нь олон нийтэд мэдэгдэж болохгүй.
Өнөөдөр эрх баригчдыг популизм хийж байх хооронд долларын ханш улам нэмэгдэж өнөөдрийн байдлаар 1949 төгрөгт хүрээд байна. Төсвийн алдагдал ч мөн 700 гаруй тэрбум төгрөг байна.
Эхнээсээ л ард түмний бүсийг чангалах бодлогыг танилцуулж олон нийтийн дургүйг хүргэх мөртлөө яамдын тоог нэмж, сайд нарын тоог ч тэнгэрт тултал өсгөсөн, эргүүлээд дэд сайд нарыг нь танах гэхээр Байнгын хорооны танхимд бухимдаж уурсдаг.
Ингээд экс ерөнхий сайдын үгийг дахин сануулая.
“Эдийн засгийн хүнд хэцүү байдлыг бид бүтэн хоёр жил ярьчихсан. Гэхдээ тэр нь эхчүүд хүүхдүүдийн мөнгийг булааж авах хүртлээ доройтчихсон юм байхгүй. Яах гэж анхнаасаа ингэж байхгүй асуудал УИХ дээр оруулж ирж, цаг барж байдаг юм. Наад популизм чинь хэтэрлээ. Ч.Сайханбилэг ээ. Монгол Улсын үе, үеийн Ерөнхий сайд долоон зөвлөхтэй л байдаг байсан. Тэгээд одоо бүр аргаа бараад, тартагтаа тулаад, сөнөж байгаа юм шиг гурван хүнээ хэмнээд, 140 сая төгрөг ч гэх шиг. Та нарын энэ үг, үйлдэл чинь өөрөө нийгэм даяараа популизм бий болгоод байна. Хүмүүсийн цалин хөлсөн дээр хүрч очоод, тэгээд тав гурван төгрөг хасах хүртлээ, ийм юм Монгол Улсын хэмжээнд болоогүй байгаа. Бүр бүх зүйл болохоо больчихсон юм байна, одоо нэг Оюутолгой Тавантолгойг хөдөлгөөнд оруулаад, амь гаръя гэж байгаа бол болохгүй ээ, буруу. Би нэг юм гайхаад байна, цалингаа тавихгүй. Хэдийг хэмнэх юм, 500 сая төгрөг, тэнд гурван хүн хас, 140 сая төгрөг. Ийм хогийн юмаа боль, цаана чинь хүмүүс гайхчихсан сууж байна. “Нээрээ ингээд болохоо больчихсон юм байх даа, нийлж, нэгдээд хамаг юм сайхан болгоно гэсэн яасан...” гэсэн билээ.
С.Цахилгаан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ