ИЗНН-ын ЕНБД-аар Б.Хүдэр-Яныг сонгожээ

Иргэний Зориг Ногоон нам Үндэсний хорооны ээлжит хурлаараа Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Хүдэр-Яныг томилжээ. ИЗНН-ын ЕНБД-ын нөхөн сонгуульд дөрвөн нэр дэвшигч өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж өрсөлдсөнөөс тус намын Улс төрийн зөвлөлийн гишүүн, Ногоон хөгжлийн бодлогын хороо хариуцсан нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян олонхийн санал авчээ.

Мөн тус хуралдаанаар намын дүрэмдээ өөрчлөлт оруулжээ. 2012 оны нэгдүгээр сарын 28-нд Иргэний Зориг нам МНН-ыг эгнээндээ нэгтгэн наймдугаар их хурлаа зарлан хуралдуулж намын нэрийг Иргэний Зориг Ногоон нам хэмээн өөрчилсөн. Мөн жендерийн тэгш байдлыг хангасан гурван даргатай байх, намын гишүүнээс гадна намын дэмжигч гишүүн гэсэн нэр томьёоллыг анх удаа намын дүрэмдээ оруулсан. Ийнхүү дүрмээ сайжруулж, 20 орчим өөрчлөлтийг оруулаад байгаа юм байна. ИЗНН нь ирэх гуравдугаар сарын 9-ний өдөр 15 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд уг асуудлыг хариуцсан ажлын хэсэг байгуулсан байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ