М.Энхсайхан амиараа хариуцна гээд нүдээ аниад өнгөрөх үү

Тавантолгойн хэлэлцээрийг М.Энхсайханы төлөвлөснөөр явуулахгүй хэмээн УИХ-ын даргын ширүүхэн үгсийн хариуг тэрээр зүгээр өнгөрүүлсэнгүй. Эрхэм спикер М.Энхсайханы хийж буй ажлын талаар үзэл бодлоо илэрхийлэхдээ “Асуудлыг борлуулах зах зээлээсээ эхэлж харах хэрэгтэй байтал, угаах үйлдвэртэй учраас “Энержи ресурс”-ийг оруулъя гэж хандах нь буруу.
Өмнөд хөршийн тэргүүнийг Монголд ирэхэд байгуулсан төмөр замын гэрээгээр уурхайгаас хил хүрэх манай талын төмөр замын цариг нарийн байвал Хятадын нутгаар явах транзит тээврийн хөнгөлөлт дээрээ олон улсын төмөр замын тарифаас тодорхой хувийн хямдрал эдлэх эрхтэй болсон.
Тийм учраас Монгол Улс энэ хөнгөлөлтөө 100 хувь ашиглахын тулд Тавантолгойн нүүрснийхээ 30 хувийг Номхон далайн, үлдсэн 70 хувийг нь Хятадын зах зээлд зарах нь хамгийн үр дүнтэй, ашигтай бизнес болно. Хятадын зах зээлд нүүрснийхээ 70 хувийг зарна гэвэл “Шинхуа”-тай урт хугацааны гэрээ байгуулахаас өөр аргагүй.
Дэлхийн нүүрсний хоёр дахь том компани бол АНУ-ын “Пибоди”. Сая “Пибоди” өрсөлдөөд Тавантолгойн тендерийн гадна үлдсэн. Үүнийг би буруу гэж үзэж байгаа. Харин ч “Пибоди”-г оруулаад Номхон далайн боомтоор дэлхийн зах зээлд хүргэх 30 хувиа гэрээлэх хэрэгтэй. Ингэж байж нүүрсээрээ илүү ашиг олно, транзит тээврийн хөнгөлөлттэй нөхцөлөө бүрэн ашиглана гэсэн юм.
Тэгвэл энэ үгний хариуд М.Энхсайхан Тавантолгой дээр алдахгүй ээ гэж ам гараад өөрийн санаагаа хамгаалсан байна.
Мега төсөл дарга цэргийн харьцаагаар, нэг нь нөгөөгөө үгэндээ оруулж явдаггүй юм. Мега төсөл бол шинжлэх ухаан, өөрийн аргазүйгээр явдаг. Тэрхүү шинжлэх ухаанч байдал, арга зүйгээ зөв ойлголцож чадаж байна уу, үгүй юү гэдэг мэдээллийн зөрүү л УИХ-ын дарга бид хоёрын дунд байгаа юм болов уу. Түүнээс биш, “тэг” гэсэн командаар явдаг мега төсөл гэж хаана ч байдаггүй юм.” гэж тэрээр хэлжээ. Тэгээд тэр Тавантолгой дээр алдахгүй ээ гэж ам гарчээ. “Том төсөл дээр алдаа хийвэл миний, ажлын хэсэгт байгаа бидний амь нас ч өчүүхэн байхгүй юу. Алдаа хийвэл Монголын ард түмэн асар их хохирол амсана. Бид хэдийн толгойг аваад ч тэр хохирол нөхөгдөхгүй. Тийм учраас бидэнд алдах эрх байхгүй. Алдаж болзошгүйгээ зөвхөн өнөөдрөөр харж болохгүй. Цаашдаа, төслийн үргэлжлэх бүхий л хугацаанд Монголынхоо эсрэг алдаа гаргахгүй тулд олон улсын санхүүгийн нөхцөл байдал, ирээдүй, чиг хандлага гээд олон асуудлын зангилааг тайлж, урьдач нөхцөлийг тооцохыг хичээж, хандлагаа арай жаахан дээшлүүлж харах хэрэгтэй. Тэгэхдээ айлаа гээд хойш сууж болохгүй, хийхээс өөр арга байхгүй. Хэрвээ Тавантолгойн төсөл унавал Монголын эдийн засаг илүү хүндэрнэ. Эдийн засгаа хүндрүүлэхгүй гээд буруу шийдэх эрх бидэнд байхгүй. Хамгийн гол нь энэ тендерт Монголын эрх ашиг, Монголын ард түмний сонирхол л ялж гарах ёстой.” гэж тэр ярьж байна. Ер нь бол З.Энхболд даргын хэлж ярьсан бүгдийн эсрэг байр сууриа илэрхийлсэн байна, тэр. Тиймээс хэн нь юу хэлснийг тодотгох үүднээс зарим байр сууриудыг харьцуулан харъя.
Мөн УИХ-ын даргын хэлсэн бас нэг үг олон нийтэд эргэлзээ төрүүлэх болсон. Учир нь М.Энхсайханы том Тавантолгойг өгье гээд зүтгээд байгаа “Энержи ресурс”, “Сумитомо”, “Шинхуа”-гийн хослолд тэрээр итгэхгүй байгаа бөгөөд “Энержи ресурс”-ийг би зуун хувь үндэсний компани гэж харахгүй байгаа аж.Оффшор бүсэд бүртгэлтэй “ММС” гэж Хонгконгийн компанийн 45 хувийн хувьцааг нь л “MCS” авсан. Энэ “ММС” компани нүүрсний үнийг үргэлж өндөр, 200-300 доллар байна гэдэг тооцоогоор их хэмжээний зээл аваад одоо зээлээ төлж чадахгүй яваа. Ийм тохиолдолд том Тавантолгойг өгөх нь тэр компанийн өрийг төлөхөд хэрэгтэй болохоос Монголын нүүрсийг боломжийн үнээр борлуулах сайн партнёр болж чадахгүй гэж тэрээр ярьсан юм.
Тиймээс М.Энхсайхан юу руу зүтгээд байгаа нь хачирхалтай. Ер нь УИХ-ын дарга донгодоод, гишүүд бичиг илгээгээд байхад М.Энхсайханы ийн улайран зүтгэх нь нээрээ л “ММС”-гийн хувийг авсан "MCS"-ийн ашиг сонирхолд үйлчлээд байгаа юмуу гэмээр.
М.Энхсайхан сайд уралдаант сонгон шалгаруулалт гадны хөрөнгө оруулагчдын дунд зарлагдсан, тэд харин манай үндэсний ямар компанитай яаж ажиллах вэ гэдгээ өөрсдөө тооцоолж ММС гэдэг компанийг сонгож орж ирсэн гэжхэлж байгаа боловч ийм том бизнест энгийн сонголт явна гэхэд бас л эргэлзээтэй.
Энэ байдал нь хэдийгээр бас л төрийн томчууд хэл амаа ололцохгүй ажил гацааж байгаа мэт харагдах боловч үндэстний хувь заяанд нөлөөлөх хэмжээний ийм том мега төслийг ганц хоёрхон хүний үзэл бодлоор, сонголтоор шийдчих нь байж боломгүй асуудал. Тиймээс ч УИХ-ын дарга нь хүртэл санаа зовинож энэ ажилд хутгалдаж байгаа нь зүй ёсны. Энэ нь ч багадах бөгөөд бултаараа хэлэлцвэл буруугүй гэдэг үгийг санаж хэн нэг нь буруу тийш нь залж аваас зөв тийш нь чиглүүлэх үүргийг төр хүлээх ёстой юм. Ганц М.Энхсайхан амиараа хариуцна гээд тавиад туучихаж яавч боломгүй мэт.
Н.Умард
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ