Улс төрийн үр могойнууд

Монголчууд чадах ядахаараа дор бүрнээ сар шинэдээ бэлдэж бор хоногийг завгүй өнгөрөөх зуурт Ч.Сайханбилэгийн толгойлсон засгийн газар санал асуулгаар Оюутолгой, Тавантолгойг хөдөлгөх эрх ямар байсан авч амжив. Сүүлд нь энэ хоёр толгойг ямар ч хувь тавилан дайрч өнгөрсөн ард түмний хүсэл зоригоор “ханшаа тогтоосон” юм шүү хэмээн хэлэх үгээ улстөрчид бэлдэж авсан нь энэ байх.

Тэр зуур монголчуудын амьдрал улам хүндэрсээр, зарим парламентын гишүүд хямрал Монголд байна уу хэмээн тавлах мэт хэлсэн үг нь жиргээнд олны анхааралд өртөхийг эс тооцвол улс төр улам л сонирхолтой өрнөсөөр.

Сүүлийн гурван сарын шилдүүд

Өнгөрсөн саруудад Монголын улс төрд хамгийн гол дүр байж олны анхаарлыг соронз мэт татсан хүмүүс хэн байв? Арваннэгдүгээр сард улс төрийн онцлох хүн албан тушаалтайгаа амь наана там цаана зуурахын зураг болсон экс ерөнхий сайд Н.Алтанхуяг байсан гэж монгол хүн бүр санал нэгтэй хэлэх биз.

Харин оны сүүлэн дээр өөрийнх нь намаас, тэр бүү хэл өөрөө кабинетэд нь байсан засгийн газраас хүлээж авсан данс тооцоо ягтаа тулчихсан байсныг сая л мэдэж авсан шинэ ерөнхий сайд “сарын шилдэг” байсан. Эдийн засаг тартагтаа тулж, том ордуудаа л хөдөлгөхгүй бол Монгол Улс дампуурах нь тодорхой гэсэн мэдэгдэл түүнийх, эхний ээлжинд эхчүүд хүүхдүүдийн төрөөс саадаг мөнгийг танах хэрэгтэй, төрийн 70 мянга зөвхөн онц сурлагатнуудад очих ёстой гэх мэт мэргэн шийдлүүд ч бас түүнийх байв.

Тэгвэл өнгөрсөн сард зүй ёсоор улс төрд “эргэн ирэлт” хийсэн экс ерөнхий сайд олны хүсэж байсан үгсийг хэлж, загатнасан газар нь маажсан мэт зангарагтай үгсээр Ч.Сайханбилэгийг бөмбөгдсөн юм.

Тэгэхээр нэгдүгээр сарын шилдэг нь Н.Алтанхуяг мөн байж таарна. Ингээд л нэгэн цагт арлын орны сүмод Хакухо, Асашёорюү хоёр ээлжлэн түрүүлдэг байсан шиг улс төрд хуучин шинэ ерөнхий сайдууд олны анхаарлыг зүй ёсоор татсаар байна. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг гэх мэтээр. Дараагийн цуппариг хэн нь хийх бол?

Үр могойнууд

Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар бол “Алтан гадас” фракцын гол хүмүүс. Үүсгэн байгуулагч Р.Гончигдорж мэтийн нөхөд байх боловч гол тоглогчид нь мөнөөх дээр дурдсан гурав.

Тэгвэл 2012 оны сонгуульд МАН-ыг дөнгөж чадсан АН-ын тамгыг Н.Алтанхуяг атгаж байсандаа тэр эрчээрээ өнөөг хүртэл “Алтан гадас” хамгийн хүчтэй фракц байж ирсэн. Улс төрд нөхөр гэж байдаггүйн үлгэрээр Норовын хүүг түгжилдсэн гол хүмүүс Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар болохыг өнөөдөр монголчууд мэдэж авсан.

Нэг л их танил дүр зураг. Намбарын хүүг ид хүчээ авч явахад нь түүний гараас нь хөтөлж их улс төрд оруулсан залуус, хөгшин андуудынх нь хамтаар түгжилдсэнийг сануулах мэт. Ер нь улс төрийн жам үр могой гэдэг шиг байх ёстойг манай улстөрчид хоёр ч удаа нотлоодохлоо.

Тэр үед Д.Арвин гишүүн бүх үнэнийг дэлгэж орхисон юм. “Манай фракцийн гишүүд бүлгийн хуралдаанд Ерөнхий сайдаа авч үлдээд, дараа нь хариуцлагын асуудлыг нам дотроо ярина гэсэн байр суурьтай байсан.

Миний хувьд ч тэр намын даргаа авч үлдэх ёстой гэдэг дээр хатуу байр суурь баримталж байсан. Гэтэл өөрийнх нь “Алтангадас” фракцийн С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар АН-ын Удирдах ажилтны зөвлөгөөн дээр Н.Алтанхуяг даргыг өөрөө өргөдлөө өгөөд огцрох ёстой гэдэг хатуу мэдэгдэл хийж, Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилно гэдэг зүйлийг ярьсан, тохирсон.

Өөрсдөө намынхаа эсрэг ийм зүйл ярьсанд би дургүй хүрсэн. Нэгэнт 100 хувь намаа дэмжинэ гэдэг дээр санал нэгдэж чадаагүй. МоАХ эсрэг, дээрээс нь фракц дотроо Ерөнхий сайдаа огцруулах тухай яриад явчихсан. Үүнийг мэдэрсэн учраас би хувьдаа аль алинд нь оролцохгүй байхаар шийдсэн… Би бол Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад ярьж байгааг мэдээд дургүй хүрсэн” гэж тэрээр ярьсан юм.

Эргэн ирэлтүүд

Жинхэнэ түгжилүүд хэн болсныг экс ерөнхий сайд эргэн ирснээрээ бүр ч бататгасан. Одоо төрийн ордонд бүх намууд эвсэж, цагаа ногоогоо дэлгэж байгаа үед Н.Алтанхуяг л ганцаараа бие даагчдад нэмэр болж сөрөг хүчин болж яваа. Н.Энхбаярын дайраад өнгөрсөн зам Н.Алтанхуягийг бас дайрч байх шиг.

Бие нь муудсан Н.Алтанхуяг Засгийн газраасаа МАХН-д тасалж өгсөн эрүүл мэндийн салбарыг эс тоож Өмнөд Солонгосыг зорьсон. Тэнд л жинхэнэ эрүүл мэндийн салбар байдгийг Н.Энхбаяр хүртэл нотолж, тэндээс л хийсэн “эргэн ирэлт” тун давгүй болдгийг тэр нүдээрээ харсан. Тиймээс Өмнөд Солонгосоос хийсэн “эргэн ирэлт” өмнөх удаад нь АН-МАХН-ын гэрээ байж МАН-ынхныг харвуулчих шахсан бол энэ удаа элдвийн гэрээ хэлцэл байгаагүй ч Ч.Сайханбилэгийг сандаргаад авлаа.

Ер нь элдвийн гэрээ хэлцэл байгаагүй ч гэж дээ ямар харсан биш, Н.Алтанхуяг Н.Энхбаярт булган дахаа бариад ирсэн ч юм билүү. Тэгээд хамтдаа улс төрд байгаа түгжилүүдтэй тооцоо бодохоор тохирсон ч юм билүү хэн мэдэхэв.

Аль нэг намаас торойн гарсан лидерүүд хэт хүчээ авч, биеэ тоон урамших аваас, тодруулбал бүр илүүг хүсэх аваас өрсөлдөгчид нь бус түүний ургуулж бүрдүүлсэн хөрс нь л залгидаг болохыг Монголын улс төр хоёр дахиа баталсан нь энэ юм.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ