Эдийн засгийн өршөөл үзэх нь зөв үү

Эдийн засгийн хямралтай байгаа цаг үед далд эдийн засгийг ил болгох Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн хуулийг өргөн мэдүүлээд байгаа. Хуулийн төслүүдийг өргөн мэдүүлээд сар гаруйн хугацаа өнгөрч байгаа ч гэсэн парламентад суудалтай улс төрийн нам, эвслүүд өнөөдрийг хүртэл байр сууриа нэгтэж чадахгүй байна. Хуулийн төслүүд батлагдснаар огт илрээгүй байсан орлого, хөрөнгө ил гарч, цаашид тэдгээрт хууль тогтоомжийн дагуу татвар ногдох боломжтой болж, татварын суурь өргөсөх сайн талтай гэсэн. Мөн санхүүгийн болон татварын хуурамч тайлангуудыг аливаа хүү торгуульгүйгээр залруулж, зөв голдиролд оруулах чиглэлээр бодитой үр дүнд хэмээн төсөл санаачлагчид тайлбарлаж байгаа.

Эдгээр хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг сонирхсон юм.

Ж.Батсуурь: Эдийн засаг талаасаа авч үзвэл олон талын эерэг ач холбогдолтой

-Эдийн засгийн хямралтай байгаа үед дэлхийн бусад улс орнууд энэхүү арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Далд эдийн засгийн эзлэх хувь өндөр байгаа, пүүс компаниуд давхар тайлан баланс гаргаж байгаа үед хэрэгжүүлэх нь зөв байх талтай. Энэ хуулийг цаг алдалгүй шийдэж байж эдийн засгийнхаа нөхцөл байдлыг сайжруулж, цаашдаа богино хугацаанд хямрал бэрхшээлээс гарах, далд эдийн засгийг ил болгох, татвараас бултсан, зайлсхийсэн, олон давхар баланс гаргадаг асуудал цэгцэрнэ. Эдийн засаг талаасаа авч үзвэл олон талын эерэг ач холбогдолтой. Эдийн засаг далд байх нь онолын хувьд, судалгааны үр дүнгээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүнгүй болох сөрөг талтай. Энэ утгаараа өршөөл үзүүлж, ил тод байдлыг сайжруулах шаардлага бий. Үүний дараагаар хуулиас зайлсхийх боломжийг олгохгүй байх хэрэгтэй. Зарим хүмүүс баахан хөрөнгөө нуучихаад тэрийгээ хууль гаргаж ил болгоод, ял зэмээс чөлөөлөгдөх нь гэж ойлгоод байх шиг байна. Эдийн засгийн талаасаа онолын хувьд энэ хуулийг баталж гаргах нь зөв гэж бодож байна. Нийгэмд ч тодорхой албан тушаалтнуудад зориулагдсан хууль гэсэн хардлага байх шиг байна. Аливаа зүйл хоёр талтай учир сайн судлах ёстой.

С.Дэмбэрэл: Өмнөх хуулиас илүү үр дүнтэй байгаасай

-Эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед бодит секторыг идэвхжүүлэх ач холбогдолтой. Татварын системд хамрагддаггүй, үйл ажиллагаа нь дотоодын нийт бүтээгдэхүүнд тооцогддоггүй, эсвэл хагас дутуу тооцогддог хөрөнгийг ил болгох хууль.Мөн албан бусаас гадна хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг далд эдийн засгийг ч ил болгох зорилготой. Манай улсад далд эдийн засаг олон байгаа. Монголын далд эдийн засаг дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувьтай тэнцдэг гэсэн яриа ч бий. Далд эдийн засгийг ил болговол дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх нэлээд нөөц байгаа. Нөгөөтэйгүүр, албан бус эдийн засгийн хүрээ тэлбэл татвараа тухайн цагт нь төлж байсан иргэнд “би яагаад төлөх ёстой юм” гэсэн бодол төрүүлэх аюултай. Албан эдийн засгийн орчин нөхцөл нь сайн байж далд эдийн засгаа багасна. Орчин муу байвал хэн ч бүртгүүлж, ил тод үйл ажиллагаа явуулахыг хүсэхгүй. Энэхүү хуулийн төслийг ганц Хууль зүйн байнгын хороо хэлэлцэх ёсгүй гэж бодож байна. Эдийн засгийн байнгын хороо ч хэлэлцэж, санал дүгнэлтээ тусгах ёстой. Миний хувьд эдгээр хуулийн төслүүд өмнөх хуулиас илүү үр дүнтэй байгаасай гэж бодож байна.

З.Баянсэлэнгэ: Цагаан захтнуудад зориулсан бол уучлаарай л гэж хэлнэ

-Манай эвслийн бүлгээс энэхүү хуулийн төслүүдэд Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Ажлыг хэсгийг миний бие ахалж байгаа. Эвслийн бүлгийн хувьд хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр зарчмын зөрүүтэй санал гараагүй. Гэхдээ болгоомжлол байгаа. Тухайлбал, 10 сая төгрөг хулгайлсан бол өршөөгдөж, 10 мянган төгрөг хулгайлсан иргэн өршөөгдөхгүй байхаар ялгаж болохгүй. Төр өнөөдөр өршөөвөл өршөөх ёстой. Мөн манай эвслийн бүлгээс Гэмт хэргийн өршөөлийн хуулийг хамт хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Учир нь Эдийн засгийн өршөөлийн хуульд гэмт хэргийн хуулийн зарим зүйлт тусгагдсан байсан. Эдийн засгийг эргэлтэд оруулж, баялаг бүтээгчдийг дэмжиж, татварын дарамтаас гаргаж, далд эдийн засгийг ил болгохоор боловсруулсан бол дэмжинэ. Харин цөөн хэдэн цагаан захтнуудад зориулсан бол уучлаарай л гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл, нийтийн эрх ашгийн төлөө хууль гарахаас биш, нэг хэсэгт зориулж гаргахгүй.

Миний ойлгож байгаагаар Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хууль жирийн иргэдэд ээлтэй биш. Иргэдийн аж амьдралыг дээшлүүлнэ гэж харахгүй байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгж, компаниудад нэг удаа боломж олгож, тэдний мөнгийг төсөвт татаж оруулах гэсэн үндсэн санаа явж байгаа.

Б.Даваатогтох

СЭТГЭГДЭЛ БИЧИХ