Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцээд, гишүүдийн 90 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ.
Тогтоолын төсөлд хөтөлбөрийг макро эдийн засгийг тогтворжуулах болон эдийн засгийн өсөлтийг дэмжих гэсэн хоёр үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Хөтөлбөрийн зорилт, арга хэмжээ тус бүрийг богино хугацаанд үр дүнгээ гаргах, дунд хугацаанд үр дүнгээ гаргах арга хэмжээнүүд гэж ангилан тусгажээ.
Тогтоолын төсөлд нийт 74 арга хэмжээг хамруулахаар төлөвлөж байгаагаас макро эдийн засгийг тогтворжуулах бодлогын хүрээнд төсвийн бодлогыг сайжруулах, санхүүгийн тогтвортой байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлэх, нийгмийн халамжийн бодлогыг зорилтот бүлэгт чиглүүлэх замаар эмзэг бүлгийг хамгаалах зэрэг арга хэмжээг тусгах бол эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд гадаадын хөрөнгө оруулалт болон экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах зэрэг арга хэмжээг тусгасан байна.
2015 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ ердөө 750 орчим сая ам.доллар, төлбөрийн нийт тэнцэл 1100 сая ам.долларын алдагдал хүлээхээр байна гэж Засгийн газар үзэж байна.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ