"Эдийн засгийн түншлэл" эхэллээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Япон улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар уулзалтын ширээний ард сууж гурван жил гаруй хэлэлцсэн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр ийнхүү зурагдсанаар хоёр улсын найрсаг харилцаа улам гүнзгийрэх шатандаа орохоос гадна манай улсын эдийн засаг сэргэн хөгжихөд томоохон алхам болох юм.

Энэ үеэр Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ хэлсэн үгэндээ, "Япон, Монгол хоёр улс нь түүхэнд хамгийн ойр дотно харилцааныхаа үед ирлээ. Зөвхөн Засгийн газар хоорондын харилцаагаар зогсохгүй, сүмогийн их аварга Хакүхо болон бусад монгол бөхчүүд амжилттай барилдаж байгаад хоёр улсын ард иргэд хүндэтгэлтэй хандаж байдаг юм. Гурван жил гаруй хэлэлцэж байж, Япон-Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Үүнд маш их баяртай байна. Энэ нь Монгол Улсын хувьд Эдийн засгийн түншлэлийн анхны хэлэлцээр бөгөөд хоёр улсын харилцааг улам гүнзгийрүүлэх, Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх гэсэн хоёр зорилтыг зэрэг урагшлуулахад чухал үндэс суурь болно гэдэгт итгэл төгс байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг ажил хэрэг болгохын төлөө Монголын талтай хамтран ажиллах болно. Өнөөдрийн хэлэлцээний үеэр иений хөнгөлөлттэй зээлээр Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын нисэх буудлын төсөлд Монголын талын хүсэлтийг үндэслэн 36 тэрбум 850 сая иений зээлийг нэмж олгохоор боллоо. Монгол Улсын дунд болон урт хугацааны эдийн засгийн бодлогыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Японоос мэргэжилтэн илгээх боллоо. Бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах талаар ч илэн далангүй саналаа солилцож, гадаад харилцаа, аюулгүй байдлын салбарт стратегийн яриа хэлэлцээг улам хөгжүүлэхэд санал нэгдлээ. Цаашид ч Стратегийн түншлэлд тулгуурлан, гадаад харилцаа, аюулгүй байдал, эдийн засаг, соёл, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарт Монгол Улстай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийн төлөө ажиллана” хэмээн онцолсон юм.

Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлсэн үгэндээ, “Япон улсын Ерөнхий сайд, эрхэмсэг ноён Шинзо Абэ таныг бид бүхнийг хүндэтгэн хүлээж авч байгаад гүн талархлаа илэрхийлье. Монгол Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрт тусгагдсан ажлууд эхнээсээ биеллээ олж гурван жил гаруй үргэлжилсэн Монгол Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурж, хамтарсан мэдэгдэл гаргаж байгаадаа сэтгэл хангалуун байна. Хэлэлцээрийг урагшлуулахад дэмжлэг үзүүлж ирсэн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ танд болон хэлэлцээрийн хоёр баг, холбогдох яамдын хамт олонд талархлаа илэрхийлье. Энэ хэлэлцээр нь хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний урсгал, цаашлаад иргэд хоорондын харилцан солилцоог нэмэгдүүлэхээс гадна Монгол Улсыг бүс нутаг болон дэлхийн зах зээл, эдийн засгийн интеграцтай холбоход чухал ач холбогдолтой юм. Энэхүү хэлэлцээрээр түшиглэн Японы хөрөнгө оруулалт, ноу хау-г нэвтрүүлэх, бэлэн болсон бүтээгдэхүүнээ Японы болон гуравдагч орны зах зээлд нийлүүлэх, улмаар бүс нутгийн үйлдвэрлэлийн сүлжээ, эдийн засгийн хэлхээ холбоонд нэгтгэх эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийлж байна. Өнөөдөр та бидний яриа хэлэлцээ илэн далангүй, найрсаг уур амьсгалд амжилттай болсонд сэтгэл нэн тааламжтай байна. Бидний ярьж тохирсон зүйлүүд болон гарын үсэг зурсан Монгол Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр манай хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд дорвитой тус нэмэр болно гэдэгт итгэл төгс байгаагаа дахин илэрхийлье. Ерөнхий сайд Шинзо Абэ танд амжилт хүсч, дараагийн удаа Монголд уулзахыг ерөөж байна” хэмээсэн юм.

Ингээд хоёр улсын ерөнхий сайдууд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурсаны дараа хамтарсан мэдэгдэл гаргасаныг бүрэн эхээр нь хүргэж байна.

ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ бид, өнөөдөр Токио хотноо хэлэлцээ хийж, 3 жил орчим үргэлжилсэн хэлэлцээний дүнд “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр” /цаашид "хэлэлцээр" гэх/-т гарын үсэг зурсанд баяртай байгаагаа илэрхийлж, дараах Хамтарсан мэдэгдлийг гаргав.

1. Бид, “Эрх чөлөө ба ардчилал, энх тайван, харилцан туслах” хэмээх үзэл санаа нь Монгол Улс, Япон Улсын найрсаг харилцааны үндэс суурь, үнэт зүйлс болж буйг нотлохын хамт, хоёр орны хөгжил болон ард иргэд хоорондын харилцааг улам бүр гүнзгийрүүлэхэд энэхүү хэлэлцээр чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэж, эдийн засгийн хамтын ажиллагаагаар дамжуулан хоёр орны “Стратегийн түншлэл”- ийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэртэй болно гэдэгт санал нэгдэв.

2. Бид, энэхүү хэлэлцээр нь хоёр орны хөрөнгө оруулалт, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний урсгал, цаашлаад иргэд хоорондын харилцан солилцоог нэмэгдүүлж, хувь хүн болон хувийн хэвшлийнхэнд бизнесээ тэлэх, хөрөнгө оруулалт хийх шинэ боломжийг бүрдүүлж, улмаар бие биенээ харилцан нөхсөн хоёр орны эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргана гэдэгт санал нэгдэв.

3. Бид, Монгол Улсын хувьд анхны Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр болох энэхүү хэлэлцээр нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, худалдааг хөнгөвчлөх, оюуны өмч, өрсөлдөөн, бизнесийн орчинг сайжруулах зэрэг өргөн хүрээг хамарсан, өндөр түвшинд боловсруулагдсаныг онцлон тэмдэглэв.

4. Бид, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлэхийн чухлыг онцолж, энэхүү хэлэлцээрийн хамтын ажиллагааны чиглэлийг тус Хамтарсан мэдэгдлийн хавсралтад тусгав.

5. Бид, энэхүү хэлэлцээр нь хоёр орны бүс нутаг болоод олон улсын тавцан дахь эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, улмаар Монгол Улс дэлхийн эдийн засгийн интеграцитай холбогдоход чухал ач холбогдолтой болно гэдэгт санал нэгдэв.

6. Бид, энэхүү хэлэлцээрийг аль болох богино хугацаанд хүчин төгөлдөр болгох чиглэлээр тус тусын хууль тогтоомжийн шаардлагыг биелүүлэх эрмэлзэлтэйгээ нотлов.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Япон улсад хийж байгаа ажлын айлчлал өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Япон улсын Ардын дипломатын нийгэмлэгийн ерөнхийлөгч К.Мацүзава, Сумитомо мицүци банкны корпорацийн ерөнхийлөгч Т.Күнибэ, Шицүкэно Кай нийгэмлэгийн тэргүүн Н.Ито нар бараалхах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ