УЕП-оор М.Энх-Амгаланг томилохыг 100 хувь дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Ерөнхий прокуророор Магванноровын Энх-Амгаланг томилох саналыг зөвшилцөхөөр ирүүлээд байв. Үүний дагуу гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Сүүлийн үед хуулийн байгууллагууд руу улстөрчдийн зүгээс элдэв зүйл ярих нь ихэслээ. Шалгагдаж буй хэрэгт тавьдаг прокурорын хяналтаа чангатгаж ажилламаар байна. Эс тэгвэл тийм хэл яриа тасрахгүй. Гэмт хэрэгт сэжиглэн цагдан хорьсон хүнийг гурван сар болоход хоёрхон удаа байцаасан, мөнгөтэй хүнийг ангуучилдаг, хууль бусаар хорьдог гэж яригдаж байна. Авлига, албан тушаалын хэргийг нэг бүрчлэн хянаж, мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдаж буй эсэхийг сайн нягтлаарай. Манай цагдаагийн ажилтнуудын эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх чадавх сул. Шалгаж байна гээд удааж, асууж байцааж, сэтгэлийн дарамтад оруулдаг. Тиймээс эдийн засгийн гэмт хэргийг мөрдөн шалгах чадавхийг сайжруулах тал дээр анхаараарай" хэмээн хэлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь М.Энх-Амгаланг Монгол Улсын Ерөнхий прокуророор томилох саналыг дэмжлээ.

М.Энх-Амгалангийн товч танилцуулга:

1987-1988 онд Хөвсгөл аймгийн Цагдан сэргийлэх ангийн мөрдөн байцаагч,

1988-1991 онд Улаанбаатар төмөр замын Цагдан сэргийлэх ангийн мөрдөн байцаагч,

1991-2008 онд Улсын Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга,

2008-2012 онд Цагдаагийн ерөнхий газарт дэд даргаар тус тус ажиллаж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ