С.Баярцогт биднийг гүтгэж байна

УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд ЗГХЭГ-ын даргыг огцруулах асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “2015 оны төсвийн тодотгол хийж байх үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаас албан тоот ирүүлж 2015 оны төсөвт Хөгжлийн банкаар санхүүжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалт ирүүлсэн. Үүн дотор 17.5 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкны санхүүжилтээр санхүүжүүлэхээр оруулсан нь Хөгжлийн банкны хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Бид С.Баярцогтыг огцруулах асуудал тавихаасаа өмнө шаардлага хүргүүлсэн. Хариу тайлбар ирүүлээгүй. Тухайн үедээ тайлбар ирүүлээгүй байж огцруулах асуудал тавьсны дараа янз бүрийн тайлбар, мэдэгдэл хийж, гүтгэлээ гэж ярьж байгаа нь утгагүй. Тайлбарт хариу ирүүлсэн бол асуудал илүү тодорхой болох байсан. Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаа зүйл зөрчигдсөн. Өөрөөр хэлбэл, төслүүдэд тавих шаардлагуудыг зөрчсөн. Монгол Улсын хөгжлийг тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарт хамаарсан байх, эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийг дэмжсэн, төсөл хөтөлбөрийн зураг төсөл, ТЭЗҮ хийгдсэн байх, төсөл хөтөлбөрийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг олон улсын шинжилгээ үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон байх, олон улсын болон стандартыг хангасан импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн байх зэрэг шалгуур бий. Үүнд гэр бүлийн компаниас зөвлөгөө авах асуудал багтаагүй байгаа биз. Төсвийн хуулийн хүрээнд ч ерөнхий зарчимд нийцэхгүй зүйл болсон. Хөгжлийн банкны хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр огцруулах асуудал тавьсан. Огцруулах асуудал тавих нь хуулиар тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, огцруулах асуудал үндэслэлтэй юу, үндэслэлгүй юу гэдгийг ярьдаг болохоос хүн гүтгэсэн асуудал ярьдаггүй. С.Баярцогт харин өөрөө асуудал тавьсан гишүүдийг өөрийг нь гүтгэсэн мэтээр гүтгэж байна. Тэр байтугай хувийнхаа төлөө яамыг хүртэл мэдэгдэл хийлгэсэн. Тиймээс халдашгүй байдлын дэд хороо, Ёс зүйн хороо энэ асуудалд анхаарал хандуулаасай гэж бодож байна” гэсэн юм.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ